Үйл явдал2 мин унших
“Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо болж буй “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож байна.
Б.Батцэцэг сайд уг хуралдааны "Европын аюулгүй байдлын суурь зарчмын нэр хүндийг хэрхэн бэхжүүлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогын зорилт, санаачилга, тэр дундаа ЕАБХАБ-ын хүрээнд оруулж буй хувь нэмрийн талаар танилцууллаа.

Манай Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн. Бид 2012 онд ЕАБХАБ-д элссэн цагаас хойш тус байгууллагын гурван багана улс төр, аюулгүй байдал; эдийн засаг, хүрээлэн буй орчин; хүний эрх, ардчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
Монгол Улс итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, олон талт харилцаа, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх байр суурийг тууштай баримталж ирсэн.
Цаашид бид бүс нутгийн аюулгүй байдлын орчныг тогтвортой байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх, яриа хэлэлцээний орчныг өргөжүүлэх, ЕАБХАБ-ын гишүүн орнуудтай бүх түвшинд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
“Хельсинки+50” бага хуралд оролцсон нь Монгол Улсын хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлэх, ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг тодорхойлох чухал алхам боллоо.



Эх сурвалж:
Гадаад харилцааны яам