Үйл явдал1 мин унших
Морьд хурдан, бөхчүүд хүчтэй, харваачид мэргэн байг!

Эх орондоо болон ээлтэй улс орнуудад уугуул суугуул нийт монголчууддаа тулгар төрийн болон түүхт олон их ой давхацсан Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Монгол түмний наадам бол зөвхөн баяр ёслол төдийгүй манай үндэсний хэн чанарын гүн гүнзгий илэрхийлэл, эр зориг, эв нэгдэл, эрхэмсэг оршихуйн сэрүүн тунгалаг гэрчилгээ, харах бараатай, барих барьцтай биет соёлын амьд бодит, алгасалгүй тасралтгүй үргэлжлэл билээ.
Хүлэг морьдын уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, хөвчит нумын харваан бүгд утга учиртай, хүн байгалийн зохирол, нүүдлийн соёлын уламжлал, тусгаар тогтнолын бэлгэдэл.
Эх орныхоо уудам саруул нутаг, эх дэлхийнхээ хаана ч байлаа гэсэн бидний зүрх сэтгэлийг наадам холбодог. Бид нэг өвөг дээдэстэй, нэгдмэл түүхтэй, нэг хэлтэй, нэг үндэстэн гэдгийг энэхүү баяр бидэнд сануулдаг билээ.
Энэ жилийн баяр наадам Та бүхний сэтгэлд урам зориг, хүч тэнхээ бэлэглэж, гэр бүлд тань амар амгалан, амьдралд тань аз хийморь авчрах болтугай.
Морьд хурдан, бөхчүүд хүчтэй, харваачид мэргэн байг! Дэлгэр сайхан наадаарай!




