Үйл явдал2 мин унших
Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлж буйг өгүүлээд, түүний товч намтрыг дурдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргаар сонгосонтой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, энэ хооронд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.
Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Эх сурвалж:
Vip76.mn