Үйл явдал1 мин унших
Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн мэнд хүргэе!

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд баталсан Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан эх орондоо, олон улсын тавцанд гадаад харилцааны салбарын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан нийт эмэгтэйчүүддээ гүн талархал илэрхийлж байна.
Энэ өдөр гадаад бодлого, олон улсын харилцаанд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, тэдний хичээл зүтгэл, үнэнч шударга байдал, мэргэжлийн ур чадвар, манлайллыг үнэлдэг түүхэн утга бүхий тэмдэглэлт мөч юм.
Монголын дипломат албанд эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр нэмэгдэж, тэдний нөлөөлөл, манлайлал бүх түвшинд бэхжиж буй нь бидний бахархал билээ.
Түүх сөхвөл, тус салбарт хүйсийн ялгаа хүчтэй байсан цаг үед ч анхны эмэгтэй дипломатууд маань тэвчээр, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийнхээ хүчээр тэрхүү саадыг давж, бусдадаа, хойч үедээ үлгэр дуурайл, урам зоригийн эх булаг нь болж иржээ.
Өнөөдөр Монгол Улсын дипломат албаны 35 орчим хувийг эзэлж буй эмэгтэй дипломатууд олон улсын харилцааны мэргэжилтэн, чадварлаг бүсгүйчүүд маань гадаадын олон оронд эх орноо нэр төртэйгөөр төлөөлж байгаад бахархаж байна.
Та бүхэн маань эх орныхоо төлөө, энх тайван, тэгш эрхийн төлөө, илүү хүнлэг дипломат албаны хөгжлийн төлөөх хүч билээ.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам