Онцлох мэдээ3 мин унших

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ

Монгол Улсын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхэллээ. 

Бага хурлыг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлагааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ нар үг хэлэв. Мөн НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Питер Дүэ НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Роузмари ди Карло-гийн илгээлтийг уншиж танилцууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээтэй сорилтуудыг даван туулахад яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал болохыг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцахыг уриалав.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хуралд гадаад, дотоодын 230 орчим төлөөлөгч оролцож байна. Тэдгээрийн дунд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Британи, Оман, Исланд, Израил, Казахстан, Хорват, Канад, Эстони, Финланд, Латви, Литва, Нидерланд, Филиппин, Швейцар, Швед, Украин, Туркменистан, Франц, Сингапур зэрэг 40 гаруй улсын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн иржээ.

Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилтыг 1980-аад оноос дэвшүүлэн, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гаргаж, 2014 оноос олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн юм.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ

Өдгөө тус бага хурлын нэр хүнд өсөн нэмэгдэж, яриа хэлэлцээний цар хүрээ өргөжин тэлж, бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүс дамнасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.

Энэ удаагийн яриа хэлэлцээ “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний сорилт ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд өрнөж байна.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Дэлхий нийтийн улс төр, аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагаа, ойлголцлыг гүнзгийрүүлэх нь урьд урьдаас илүү ач холбогдолтой болоод байна. Бүс нутагт тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахын тулд яриа хэлэлцээ, итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.

Энэхүү зорилтыг хангахын төлөө Монгол Улсын хэрэгжүүлж буй “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь бүс нутгийн улс орнуудын итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, нээлттэй, хүртээмжтэй яриа хэлэлцээг урагшлуулах чухал индэр болж байгаад баяртай байна.

Өдгөө “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурал нь нэр хүнд, цар хүрээгээ улам тэлж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлуудыг хамарсан, нээлттэй яриа хэлэлцээний талбар болон хөгжиж байна.

Монгол Улс олон улсын тавцанд энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын үр дагавар, технологийн хурдацтай хөгжил зэрэг шинэ сорилтуудыг зөвхөн хамтын хүчин чармайлт, ухаалаг бодлогоор даван туулах боломжтой гэдэгт гүнээ итгэж байна.

Энэ удаагийн бага хуралд Монгол Улс болон Зүүн хойд Азийн улсуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Их Британи, Франц, Канад, Швед, Швейцар, Финланд, Нидерланд, Израил, Украин зэрэг 40 гаруй орны 230 орчим төлөөлөгч оролцож байна.

Энэхүү яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож буй нийт төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлэхийн ялдамд та бүхний санал санаачилга, оюуны хувь нэмэр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ найдаж байна.

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009