#Коммент3 мин унших
М.Бадамсүрэн: Дорнод аймагт шинээр 124,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ

УИХ-ын намрын чуулганы нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудал бол ирэх жилийн улсын төсвийг батлах явдал.
126 гишүүнтэй парламент үйл ажиллагаандаа хэд хэдэн өөрчлөлтийг бий болгосон нь төсвийн 4 шаттай хэлэлцүүлгийг 5 болгож, хэлэлцэн батлах хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр болгон Дэгийн тухай хуулиндаа өөрчлөн заасан юм.
Хэдий улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа хүнд өдрүүд өнгөрсөн ч хуулинд заасан хугацаандаа амжиж тойрч хэлэлцсэн, хэрэлдсэн, зөвшилцсөн 2026 оны төсөв батлагдлаа.
Ирэх оны төсөвт тусгасан онцлог заалтууд
Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
11 дүгээр сарын 1-нээс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 1,9 сая төгрөгөөр,
Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
ЗҮҮН БҮС
Иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран ажиллаж стратегийн ач холбогдол бүхий, орон нутгийн хөгжилд нэн чухал хөрөнгө оруулалтуудыг Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлэхээр Монгол Улсын 2026 оны төсөвт тусгуулан батлууллаа.

Үүнээс ДОРНОД АЙМАГТ шинээр 124,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын 8 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
1. “Чойбалсан” нисэх буудал (Аэродром)-ын хөөрч, буух зурвасыг шинэчлэх, төсөвт өртөг 59,120.0 (тавин есөн тэрбум нэг зуун хорин сая) төгрөг,
2. Хэрлэн голын төмөрбетон гүүр, 217.6 у/м, төсөвт өртөг 22,845.1 (Хорин хоёр тэрбум найман зуун дөчин таван сая) төгрөг
3. Сургуулийн барилга, 640 суудал, Хэрлэн сум, 1 дүгээр баг, төсөвт өртөг 12,904.5 (арван хоёр тэрбум есөн зуун дөрвөн сая таван зуун мянга) төгрөг
4. Цэцэрлэгийн барилга, 150 ор Дорнод, Матад сум, төсөвт өртөг 4,463.6 (Дөрвөн тэрбум дөрвөн зуун жаран гурван сая зургаан зуун мянга) төгрөг
5. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дорнод, Дашбалбар сум/, төсөвт өртөг 6,137.4 (Зургаан тэрбум зуун гучин долоон сая дөрвөн зуун мянга) төгрөг
6. Дотуур байрын барилга, 80 ор /Дорнод, Булган сум/, төсөвт өртөг 4,040.7 (Дөрвөн тэрбум дөчин сая долоон зуун мянга) төгрөг
7. Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын их засвар /Дорнод, Хэрлэн сум/, төсөвт өртөг 2,000.0 (хоёр тэрбум) төгрөг
8. Дорнод аймаг дахь шүүхийн барилга /Дорнод, Хэрлэн сум/ 13,400.0 (Арван гурван тэрбум дөрвөн зуун сая) төгрөг
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Аэродромыг шинэчилснээр ахмад настан, хүүхдүүд болон эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэд агаарын тээврээр үйлчлүүлэх, аялал жуулчлал хөгжих, олон улсад агаарын тээврээр мах экспортлох боломж бүрдэнэ.
Мөн газрын тос, холимог металлын олборлолтын нөлөөлөлд өртөж буй Матад, Дашбалбар сумдын хүүхдүүд тохилог орчинд суралцаж, хүмүүжих, Шүүхийн барилгыг шинээр барьж Чойбалсан хотын төвийн сургууль, цэцэрлэгүүдийн дундаас гаргаснаар одоогийн барилгыг анхны зориулалтаар нь буюу хүүхдийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх давуу талтай.
Түүнчлэн Чойбалсан хотын төв хэсэг дэх модон гүүрийг шинэчилж, хатуу хучилттай зам барьснаар суурьшлийн бүсийг Хэрлэн голынхоо урд тал руу тэлэх ач холбогдолтой" хэмээн тодотгов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

