Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Стандарчиллын хуулийн төсөл дээр мэргэжлийн олон талын төлөөллөөс бүрдсэн "Ажлын баг" ажиллах шаардлагатай

Өнөөдөр /2025.11.12/ “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын хамт Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж, тус газрын дарга С.Батбаатар тэргүүтэй албаны хүмүүсээс салбарын бодлого, үйл ажиллагаа, хуулийн төслийн талаар мэдээлэл сонсч, харилцан санал солилцлоо.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч, тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
Иймд стандартын хэрэгжилтийг хангуулах тогтолцоог бий болгох шаардлагаар Засгийн газраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан байдаг.

Гэвч Стандарт, хэмжил зүйн газар 8 жилийн өмнө батлагдсан тус хуулийн хэрэгжилт, өнөөдөр дээрх хэдэн мянган стандартууд яагаад хэрэгжихгүй байгаа үндсэн шалтгаан нөхцөлийг бодитойгоор үнэлж, дүгнэсэн эсэх, мөн хуулийн төсөлд тусгагдсан анхаарах шаардлагатай бусад асуудлуудын талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг тодруулав.
Тэрбээр “Цаашид Ажлын хэсгийн зүгээс тус хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахдаа салбарын гол мэргэжилтэн, шинжээч, алба хаагч нарыг татан оролцуулах, мөн төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн “Ажлын баг” байгуулах, ялангуяа хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг сонсох зэргээр энэхүү хуулийн төслийг улам чамбайруулахад төвлөрч ажиллана” гэдгийг онцолсон юм.

