Үйл явдал2 мин унших
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ.
Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр petition.parliament.mn цахим системээр гаргасныг 30 хоногийн хугацаанд 100467 иргэн дэмжжээ.
Тэрбээр өргөдөлдөө дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг зөрчиж давуу байдал олгосон гэснийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулав.

Өргөдөл гаргасан иргэн Ц.Батболд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосноор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх тодорхой хугацаа гэдгийг онцолж, бүрэн эрх нь дуусгавар болсон үед Улсын Их Хурлын гишүүн биш иргэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр ардчилсан тогтолцоотой улс орнуудад парламентын гишүүнд бүрэн эрх нь дууссаны дараа тусгай тэтгэмж олгох зохицуулалт байхгүй гээд БНСУ-ын жишээгээр тайлбарлав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэдээс санаачилж, дэмжсэн уг асуудлаар Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулав.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа уг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар баталлаа.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
