Үйл явдал1 мин унших
Манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна

Өнөөдөр /2025.11.19/ World Toilet Day буюу Дэлхийн жорлонгийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Жаргалтай жорлон арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн зөн Монгол хамтран зохион байгуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн ажлын хэсгийн ахалж буй УИХ-ын гишүүн О.Саранчулуун тус арга хэмжээнд оролцож панел хэлэлцүүлгээр санал, шийдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Улаанбаатар хотод байгаа нүхэн жорлонгийн тоо автомашины тоотойгоо тэнцүү. Тэдгээрийг эгнүүлж үзвэл нийслэл хотоос Хэнтий аймгийн төв хүртэл урт зам үүснэ. Хүний ялгадас өдөрт 200-400грамм гардаг ба үүнд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг бий.

Энэ бүх хортой биетүүд дэлхий даяар, жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг. Иймд ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд маш чухал болохыг харж болно.
Манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна.
Монгол улсын хүн ам эрүүл байх нь урьдчилан сэргийлэлт, эрүүл аюулгүй орчинд амьдрахаас хамаарах билээ. Бид БСШУСБХорооны гишүүдээрээ "ЕБС-ийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын хэсэг"-т ажиллаж тогтоол батлуулсан. Цаашид үргэлжлүүлэн айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж бодлого боловсруулан ажиллана" гэв.


