Үйл явдал2 мин унших
“Монгол бахархлын өдөр”-ийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд тэмдэглэн өнгөрүүллээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн нь түүх, соёлоо олон улсад таниулах чухал ач холбогдолтой байлаа.
Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам эл өдрийг тохиолдуулан ёслол, дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан нь ард түмний түүхэн хэлхээ холбоо, соёлын үнэт зүйлийг бататгаж, Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Мөн Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам Анкара хот дахь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Туркт суралцаж буй цэргийн болон тусгай хүчний сургуулийн сонсогчид, монгол иргэд оролцов.
Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Стокхолм хотод суралцаж буй монгол хүүхдүүдэд зориулан “Монгол Улсын тусгаар тогтнол, Үндсэн хууль” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан нь түүх, үнэт зүйлийг ухааруулах, үндэсний ухамсрыг бэхжүүлэх соёл, боловсролын дипломат ажиллагааны бодит илэрхийлэл байлаа.
Түүнчлэн, Сан Франциско дахь Ерөнхий консулын газар “Монгол бахархлын өдөр”-өөр Бэй Эриа бүсийн монгол хүүхдүүдэд Монгол Улсын иргэний үнэмлэх гардуулах ёслол зохион байгуулсан нь иргэд эх оронтойгоо харилцах холбоог бататгах, үндэсний дархлааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой боллоо.
Мөн Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Өргөмжит консул Арман Мухаггех Тегеран хотноо тус өдрийг анх удаа албан ёсоор тэмдэглэж, Монголын түүх, соёлыг Ираны олон нийтэд таниулахад хувь нэмэр оруулав.
Ийнхүү “Монгол бахархлын өдөр”-ийг хилийн чанадад өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хилийн чанад дахь монгол түмний үндэсний ухамсарыг бэхжүүлэх, түүх, соёл, төрт ёсны уламжлалаа тодотгосон үйл ажиллагаа болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.







