Үйл явдал3 мин унших

ӨБХ: Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав

ӨБХ: Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.12.02)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандаж тавьсан тэтгэврийн зээлийн асуудлаарх асуулгын хариуг хэлэлцлээ.

Асуулга тавьсан талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулав. Ахмадын тэтгэврийн зээл, түүний хүү, хугацаатай холбоотой асуудлууд жилийн өмнөөс яригдаж байгаа гэдгийг тэрбээр сануулаад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Монголбанканд санал хүргүүлж, тэтгэврийн зээлд амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан өр, орлогын харьцаа тогтоох чиглэл өгснөөс үүдэн олон мянган ахмад настан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, Байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэн, улмаар уг зээлийн нөхцлийг урьдын хэвд оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан талаар товч дурдав.

ӨБХ: Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав

Гэвч тэтгэврийн зээлийг урьдын хэвээр олгох, хугацааг 36 сар болгох, хүүг бууруулах асуудлууд шийдэгдээгүйгээр барахгүй улам ужгиран даамжирч буйг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат анхааруулж, ахмад настнууд, арилжааны банкууд, Монголбанк, яам гээд холбогдох бүхий л талуудтай уулзаж ярилцсан боловч шийдэлд хүрэхгүй, сүүлдээ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага болж хувирсныг ч мөнхүү сануулсан юм.

Энэ бүхэнтэй холбоотойгоор тэрбээр тэтгэврийн зээлийг 150 хувийн эрсдэлтэй гэж тогтоосон үндэслэл, арилжааны банкуудын заавал байлгах нөөцөд зохицуулалт хийх замаар уг зээлийн хүүг бууруулах боломж, хугацааг уртасгах болон ахмад настнуудад зориулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандан асуулга тавьсан тухайгаа тайлбарлав.

Тэтгэврийн зээлд тавьсан хугацааны хязгаарлалт, мөн уг зээлийн хүү нэмэгдсэн шалтгаан зэргийг хөндсөн Улсын Их Хурлын гишүүний асуулгад өгсөн хариултдаа Монголбанкны ерөнхийлөгч хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагаа, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүйг онцолж, харин зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, хяналт тавьж ажиллаж байгаагаа дурджээ.

Мөн аливаа зээлийн бүтээгдэхүүний нөхцөл нь тухайн зээлдүүлэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал тул уг нөхцөлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хугацааны тухайд Монголбанкнаас ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Харин эрсдэл багатай зээлдэгчид ногдуулах хүүг прайм хүү буюу үйл ажиллагааны болон татварын зардал, зорилтот ашиг, зээлийн эрсдэл, банкны заавал байлгах нөөцийн алдагдсан боломжийн зардлыг тооцсон хамгийн бага хүүд үндэслэн тогтоох, мөн зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарлах зэрэгт хяналт тавьж, “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 79 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.

ӨБХ: Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав

Монголбанк 2023 оны 12 дугаар сараас хагас жилээс дээш хугацаатай, эсвэл зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэгдэл нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага байх зэрэг тодорхой нөхцөл бүхий тэтгэврийн зээлд 150 хувийн эрсдэлийн жин тогтоон мөрдүүлж байна.

Гэхдээ энэ нь зээлийн хүүд том нөлөөгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлаж, уг жинг 50 нэгж хувиар бууруулахад зээлийн сарын хүү 0.04 хувиар, жилийн хүү 0.5 хувиар буурна гэсэн байна.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч бодлогын хүү 12.0 хувь, репо санхүүжилтийн хүү 12.0-13.0 хувь байгааг мэдээлж, тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг тусгайлан бага хүүтэйгээр, эсвэл хүүгүйгээр олгох боломжгүй, харин ахмад настнууд бизнес эрхэлж буй тохиолдолд бизнесийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг жилийн 19.2-24.0 хувийн хүүтэйгээр авч хэрэглэх боломжтойг уламжилжээ.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009