Онцлох мэдээ2 мин унших
Малын индексжүүлсэн даатгалын хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 06 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нарын гишүүд ажилласныг дурдаад ажлын хэсэг энэ хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, хууль санаачлагч болон төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс холбогдох тодруулгыг авсныг дурдав.
Мөн ажлын хэсгээс даатгагч гэрээний хугацаанд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сумын малын хорогдлын дүнд үндэслэн нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох, даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор сум бүрээр тогтоосон 1 дүгээр босго үзүүлэлтийг 5.0 хувь, 2 дугаар босго үзүүүлэлтийг 30 хувь байхаар тогтоож, Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг 1.0 хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж тогтоож болох, хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зохицуулалтыг тусгах санал гаргасан гэв. Мөн Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гаргасан байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


