Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Тээгч эх, донор, өв залгамжлалын асуудлууд журмаар зохицуулагдаж байгааг хуульд нарийвчлан оруулах нь зөв
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Гэр бүлийн тухай хууль шинэчлэгдээд орж ирж байна. 1999 онд батлагдсан хууль, 8 удаагийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн гэж байгаа боловч салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг даган өөрчлөлт оруулсан ихууль байгаа. Энэ хуульдаа УИХ 5 удаагийн парламентаар ажлын хэсэг байгуулагдаад гар дүрж, өөрчлөлт хийж чадаагүй. Өнөөдөр орж ирж байгаад баяртай байна.
Шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа гэсэн асуудал сүүлийн үед нэлээн хүчтэй яригдах болсон. Түүн дотроо тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлалын тухай гэх мэт заалтуудыг хууль дээр нарийн тусгагдсан зүйлүүд бий юу?
Цус ойртолттой холбоотой асуудал нь сэтгэл эмзэглүүлэн асуудлууд байгаа юм. Тэгэхээр энэ хууль дээрээ яг тусгайлан зааж, гэр бүл бологсод нь ургийн бичиг буюу угийн бичгийг хөтөлнө гэсэн заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай юм болов уу.
Тээгч эхийн асуудлыг онцгойлон авч үзэх нэн шаардлагатай. Одоо бол 2018 оны эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар зохицуулагдаж байгаа. Тээгч эх, донор, өв залгамжлалын асуудлууд журмаар зохицуулагдаж байгааг хуульдаа нарийвчлаад оруулж өгөх нь зөв. Тээгч эхийн тухай асуудал дээр Европын болон Азийн орнууд харилцан адилгүй байна. Европын зарим орнуудад тээгч эхийн татвараар төсөв бүрдүүлэхэд орлого оруулдаг заалтууд байсан. 2024 оны 12 сараас Европын зарим орнууд тээгч эхийг хуулиар хориглож байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Гэр бүл болж байгаа хосуудад соён гэгээрүүлэх, эцэг эхийн ариун үүрэг ямар байхыг хуульчилдаг юм уу, зааж оруулдаг юм уу. Бид ер нь уламжлалаараа л явдаг. Үүн дээр хариулт авмаар байна?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

