Үйл явдал3 мин унших
Т.Аубакир: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулна

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамТэрээр "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг та бүхэн удаан хүлээсэн байх. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 990 мянга гаруй гэр бүл байна. Тэгвэл төр эдгээр гэр бүл рүү чиглэж ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, гэр бүл салалт нэмэгдэж байна. Мөн гэр бүлийн бүртгэл өнгөрсөн онтой харьцуулахад 3000-аар буурсан үзүүлэлт гарсан. Өмнө нь жилд 80 мянга гаруй хүүхэд төрдөг байсан бол одоо энэ тоо 50 мянга руу орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын жилийн өсөлт ердөө 40 мянгад хүрчээ. Тиймээс төрөөс хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогоо илүү тодорхой болгох шаардлага үүссэн. Энэ зөвхөн Монгол Улсын асуудал биш. Европын орнууд ч ажиллах хүчний хомсдолд орж, хүн амын өсөлтөө дэмжих бодлого руу шилжиж байна.
Хууль зүйн яамнаас Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус өргөн барьсан. Өмнө нь нэг хуульд байсан зохицуулалтыг салгаж, зөрчил, маргаантай холбоотой асуудлыг нэг талд нь, харин гэр бүлийг дэмжих бодлогыг нөгөө талд нь тусгайлан оруулж өгч байгаа юм. Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны боловсруулж буй хууль нь илүүтэйгээр гэр бүлийг дэмжих, хүн ам зүйн бодлогыг тусгах чиглэлтэй.
Анх хуулийн төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх санал орж ирсэн. Энэ нь жилд 206 тэрбум төгрөгийн татварын төвлөрөлт буурах тооцоо гарсан. Мөн сая өргөн барьсан Татварын тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгийг ХХОАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор дээрх заалтыг хуулийн төслөөс хассан.
Өнөөдөр манай улсын халамжийн зардал өндөр байгаа талаар их яригддаг. Бүх зүйл халамж болоод байна, харин хүн ам зүйн бодлого хаана байна вэ гэсэн шүүмжлэл ч бий. Тиймээс шинэ хуулиудаар хүн ам зүй, гэр бүлийг дэмжих бодлогыг тусад нь ангилж, харин Халамжийн тухай хуулиар зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг олгохоор зохицуулж байгаа юм. Ингэснээр халамж илүү эзэндээ хүрнэ гэж үзэж байна. Учир нь өнөөдөр зарим төрлийн мөнгөн тэтгэмж амьжиргааны түвшин өндөр айл өрхөд хүртэл очиж байгаа асуудал бий. Харин бодлогыг ийнхүү салгаснаар дэмжлэг илүү оновчтой, зорилтот бүлэгтээ хүрэх боломжтой юм.
Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг заалтууд хуулийн төсөлд тусгагдсан. Үүнээс гадна гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн асуудалд нь анхаарч сэтгэлзүйчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 15-ны өдрийг улс даяар “Гэр бүлийн 7 хоног” болгон тэмдэглэх зохицуулалт ч орж ирсэн.
Жил бүр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аян эхэлсэн байгаа. Аяны хүрээнд нийт 40 суманд ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхэд анхаарах юм. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх асуудал дээр одоогоор яамны хэмжээнд санхүүгийн боломж, орон зай харагдахгүй байна" гэлээ.