Үйл явдал2 мин унших
Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе!

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд гаргасан бөгөөд Монгол Улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 23 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн зорилго нь гэр бүлийн нийгэм дэх үүрэг, ач холбогдлыг онцлон таниулахын зэрэгцээ гэр бүлүүдэд тулгарч буй нийгэм, эдийн засгийн сорилт, асуудлыг бодлогын түвшинд авч үзэх, олон нийтийн анхааралд хүргэхэд оршдог.
Гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн тогтвортой байдлын суурь, улмаар үндэсний аюулгүй байдлын чухал баталгаа юм. Иймд гэр бүлийг дэмжих төрийн бодлого нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудал бус, хүн ам, хөдөлмөрийн зах зээл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар хоорондын уялдаатай, цогц бодлогын шийдэл байх шаардлагатай байна.
Өнөөдөр Монгол Улсад хүүхэд, гэр бүл, хүн амын хөгжлийн бодлогыг нэгтгэн уялдуулсан эрх зүйн орчин, институцийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ бодитоор тулгарч энэ хүрээнд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүний хувьд гэр бүлийн хөгжлийг дэмжих, эх, хүүхдийн нийгмийн баталгааг бэхжүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн санаачилга, хууль тогтоомжийг тууштай дэмжин ажиллах болно.
Миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийг бодлогын түвшинд дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгуулж буйгаа үүгээр илэрхийлж байна. Монгол Улсын 997 мянган өрх, гэр бүлийн нийт гишүүддээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, айл бүрт аз жаргал, инээд хөөр бялхаж байхыг хүсэн ерөөе

