Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Гэр бүлийн өмч хэний нэр дээр байгаагаас хамаараад хүчирхийлэгчээсээ холдох ямар ч орон зай байдаггүй!
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд, үг хэлж, асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Салсны дараа тусдаа амьдрахаар эцэг, эх хүүхэдтэй уулзах хугацааг тогтооно. Тэгэхдээ хүүхдийн нас эцэг эхийн ажлын ачааллыг хүүхдийн сонирхлыг харгалзан үзнэ гэж байгаа юм. Тэгэхээр ажлын ачаалал гэхээс илүү эцэг, эхийнх нь хүчирхийлэгч зан үйл ч юм уу, дадал зуршлыг нь харгалзан үздэггүй юм уу? Салсны дараа ээж аавд нь өгөөд явуулчихаар зодож нүдээд, зовоогоод, буруу хооллодог кэйс амьдрал дээр зөндөө л байдаг шүү дээ. Тиймээс гэр бүл салсны дараах интервенц гэдэг асуудал дээр энэ хууль ямар ахиц дэвшил гаргах вэ? Салалт чинь ямар нэгэн төрлийн хүчирхийллээс л үүддэг. Салалтын үед өмнө ба дараа хүчирхийллийн нөхцөл байдал бүүр хүндэрдэг. Тэр үед хүүхдийн сэтгэл санааны хохирол илүү их нэмэгддэг. Энэ дээр бодлогын ахиц байгаа бол яримаар байна.
Гэр бүл гэдэг нь зөвхөн эхнэр, нөхөр, хүүхэд 3-ын харилцаа ч бас биш л дээ. Энэ дотор ахмад настай хүмүүс бий. Гэр бүл дотор бие даан өөрийгөө асрах чадваргүй ахмад настай хүмүүсийн буюу харгалзан дэмжигч гэж энэ хууль дээр орсон эдгээр хүмүүсийн нөхцөл байдлын үнэлгээг хэн хийх вэ? Одоо байгаа хуулийг харахаар гэр бүлийн шинжээч нь гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэж байна. Хүүхдийн эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж байгаа юм. Тэгвэл 3 дахь бүлэг хүмүүс болох асран хамгаалал шаардагдаж байгаа хүмүүсийн асуудлыг хэн үнэлэх вэ? Хохирогч гэдэгт ямар ойлголтуудыг тусгаж байгаа вэ? Тэр болгон дээрээ өнөөх шинжээч нөхцөл байдлын үнэлгээ хийж хохирлыг барагдуулах уу? Энэ шийдвэр хаана гарах вэ гэдгийг тодруулмаар байна.
Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ гээд 14 дүгээр зүйл дээр байна. Хэрвээ тухайн тохиолдол буюу хүчирхийлэл асуудал боллоо гэхэд гэр бүлийн өмч нь хэний нэр дээр байгаагаас хамаараад хохирогч нь гэрээсээ явах хэрэгтэй болдог. Хохирч байгаа хүнээ хамгаалахгүй бол яг үнэндээ хүчирхийлэгчээсээ холдох ямар ч орон зай байдаггүй байхгүй юу. Явах газар байхгүй, өмчлөгч нь магадгүй хүчирхийлэгч өөрөө байж болно. Тэр үед энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


