#Коммент2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байх ёстой!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төрийн өмч бол иргэний өмч” гэсэн байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүчтэй илэрхийлэхийн сацуу иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа.
Тэрбээр төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, алдагдал нь улсын төсөвт шууд нөлөө үзүүлдэг. Иймд макро түвшинд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа гэв. Тухайлбал,
Хатуу санхүүгийн хатуу босго тогтоох:
Төр цаашид ямар ч төрийн өмчит компанийн алдагдлыг тэгшитгэж, өрийг нь төлөхгүй. 3 жил дараалан ашиггүй, үр өгөөжгүй ажилласан стратегийн бус ТӨК-ийг төрийн мэдлээс гаргаж, татан буулгах. Ингэснээр төсөвт шавхах ачаа биш, харин ч төсөвт орлого төвлөрүүлдэг эх үүсвэр болж хувирна.
Төсөвт төвлөрүүлэх орлогын тогтвортой байдал:
Уул уурхайн мөчлөгөөс хамааран төрийн өмчит компаниудын олдог ногдол ашиг хэлбэлздэг. Өсөлтийн үед бүх орлогыг зарлагад зарцуулбал уналтын үед эргээд төсөвт цоорхой үүсдэг. Иймээс баялгийн сангийн механизмыг ашиглан экспортын орлого өндөр жилүүдэд нөөц санг бүрдүүлж, бага жилүүдэд нөхөн ашиглах замаар төсвийн орлогыг жигд өсөлттэй байлгах.
Өрийн удирдлага:
Төрийн өмчит компаниудын зээл, өр төлбөр нэмэгдэх нь улсад эрсдэл учруулдаг. Шинэ бодлогоор ТӨК-үүдийн зээллэгт шууд Засгийн газрын баталгаа олгохгүй байх, компанийн өөрийн үйл ажиллагааны орлогоос төлөх нөхцөл тавина. Хэрэв шинэ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх (PPP), эсвэл хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох замаар төсвийн гадуур шийдэх хэрэгтэй. Ингэснээр улсын өрийн удирдлагад ТӨК-үүдээс үүсэх дарамт саарна.
Инфляц, мөнгөний бодлого:
Төрийн өмчит компанийн ашгийг иргэдэд тараах, эсвэл улсын зарлагыг нэмэгдүүлэх үйл явц нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй. Иймд баялгийн сангийн зарцуулалтыг үе шаттай, аажмаар хийх хэрэгтэй.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ:
Шинэчлэлийн явцад болон дараа нь төрийн өмчит компаниудын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалж, дата-д суурилсан шийдвэрийг үргэлжлүүлэн гаргаж байх. Жил бүр ТӨК-үүдийн нэгдсэн тайлан, өгөөжийн хэмжээ, төсөвт төвлөрүүлсэн орлого, баялгийн санд хуримтлуулсан мөнгөн дүн зэргийг олон нийтэд мэдээлдэг тогтолцоонд бид шилжих шаардлагатай. Энэ нь нэг талаар хяналт, нөгөө талаар шинэчлэлийн үр дүнг нийтээр мэдрэх сэдэл болж өгнө.
