Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Дэлхийн улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засагруу явчихлаа
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Салбарын сайдуудаас л асуумаар байгаа юм. Баялаг бүтээгчдийн агуулгын цаана мэдлэг эзэмшиж, технологи оруулж ирж байгаа хүмүүс бий. Үүнээс биш өнөөдрийн 99 11-тэй дугаар бариад, нэг том машин унаад юмны үнэ нэмэгдүүлж зарж буй хүмүүсийг тодорхойлоод хэвшчихлээ. Уг нь мэдлэг нь тэвчээр, уйгагүй хөдөлмөр, анализ, дүгнэлт хийх чадвар, олон зүйлийн эх сурвалжийг ашиглаж шинэ санаачилга гаргах энэ хандлагыг урамшуулж байх ёстой. Манайд хараахан энэ зүйл алга. Дэлхийн улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засагруу явчихлаа. Үндсэндээ дэлхий дээр повер хаус буюу нөлөөлөгч улс орон болж чадаж байна. Манайд энэ тодорхойгүй байна. Би боловсролын багц хуулийг агуулгын хувьд дэмждэг.
Гэхдээ зарим зүйлд сэтгэл дундуур байдаг. Их сургуулиудыг судалгааны бус гэж ангилдаг. Их сургууль гэдэг статусыг авахын тулд, судалгаа хийх л ёстой. Судалгаанд мөнгө зарцуулах ёстой. Харин үүнийгээ буцаагаад яаж олж авах нь тухайн сургуулийн менежментийн асуудал. Хэдэн диплом үйлдвэрлээд, манайх шиг их сургуулиудыг их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн 3 ангилалтай орон байхгүй. Жинхэнэ уураг тархи ажиллаж байх институцийг мөн чанараар нь ангилаад заримыг нь толгойг нь илээд байгаа учраас Монгол Улсад мэдлэгт хөрөнгө оруулдаг, мэдлэгийг дэмждэг тэр институц сууриараа хөгжихгүй нь.

Сэтгүүлч Ц.Соёлмаа


