Байр суурь2 мин унших
Ж.Алдаржавхлан: Энэ хуулийн гол үзэл санаа нь иргэний эрхийг хамгаалахын төлөө юм
УИХ-ын чуулганы 2025.12.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хариуллаа.
Энэ хууль бол зөвхөн Улаанбаатар хот биш Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх хууль. Энэ хуулийг яагаад санаачлах болов оо гэхээр ганц хоёрхон зургийг харуулах гээд аваад ирсэн юм. Туул гол руу баруун тийш гаргах юм бол дайн болчихсон юм шиг байгаа. 46 ААН олборлоод, хаяад явчихсан. Тэгээд иргэдийн хашаатай тулчихсан байгаа юм. Шувуун фабрикийн айлуудын хашаанд нь тулаад хайрга олборлож байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхгүй бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нь бүрдэхгүй байгаа учраас энэ хуулийг санаачилсан. Энэ хуулийн хамгийн гол үзэл санаа нь иргэний эрхийг хамгаалахад оршиж байгаа юм аа.
Ж.Батжаргал гишүүний асуултад хариулахад тусгай зөвшөөрлийг цуцлахад байгаль орчны үнэлгээний сөрөг нөлөөллийн дүгнэлт гарч байгаад цуцална гэдэг шаардлага огт байгаагүй. Хэрэв иргэн гомдол гаргах юм бол байгаль орчны нөлөөлөл үүсэж байгаа талаарх дүгнэлтийг Байгаль орчны яам гаргаад түүнийг үндэслэн цуцлах эрх нь бүрдэж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг хөнгөвчлөх асуудлыг би дэмжиж байгаа. Ц.Идэрбат гишүүний ярьж байгаа асуудлыг бид ажлын хэсэг гаргаад дараа дараагийнхаа асуудалд оруулж явахыг дэмжиж байна. Үүнийг хөнгөвчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тусгай зөвшөөрөл нь өөрөө хатуу байхаар хулгайгаар ухдаг асуудал маш их болсон. Аймаг орон нутагт. Тийм учраас үүнийг хөнгөвчлөх асуудал бол нэн чухал байгаа юм аа гэдэг дээр санал нэг байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
