Үйл явдал2 мин унших

Б.Батцэцэг: Орчин цагийн дипломат алба бодитоор бүрэлдэн тогтсон нь чухамдаа 114 жилийн тэртээх энэ өдөр юм

Б.Батцэцэг: Орчин цагийн дипломат алба бодитоор бүрэлдэн тогтсон нь чухамдаа 114 жилийн тэртээх энэ өдөр юм

Өнөөдрөөс 114 жилийн өмнө та бидний эрхэм дээдэс монгол төрийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн шинээр эмхлэн байгуулахдаа Гадаад харилцааны яамыг “Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам” хэмээн нэрлэн тогтоосон нь гүн утга, алсын хараатай түүхэн шийдвэр байлаа. Энэ өдөр эрх хүч, эрдэм мэдлэгийг хослуулсан эцэг өвгөдийнхөө агуу мэргэн ухаанд хүндэтгэл үзүүлэн сөгдөж мөргөх учиртай.

Тэд монгол төрийн алтан аргамжааг өдөр бүр бэхжүүлэн баталгаажуулах үүргийг орчин цагийн институцийн түвшинд тодорхойлохдоо гадаад бодлого зөвхөн “нэг цонхоор”, нэгдмэл бөгөөд тууштай хэрэгжих ёстойг “бүгд эрхлэн шийтгэх” хэмээн товч атлаа гүн утгатай илэрхийлсэн билээ.

Монгол төрийн алтан аргамж олон зууны түүхтэй ч орчин цагийн дипломат алба бодитоор бүрэлдэн тогтсон нь чухамдаа энэ өдөр юм. Орчин үеийн дипломат албаны суурийг тавьсан эрхэм бол Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддорж билээ. Энэ жил түүний өргөөг сэргээн шинэчилж, цаашид жил бүрийн 12 дугаар сарын 29-нд хөшөөнд нь Гадаад харилцааны яамны хамт олон, дипломатууд хүндэтгэл үзүүлдэг болсон нь энэ салбарт зүтгэж буй залуус ахмад үеэ хүндэтгэж, түүх, соёлоороо бахархах сэдэл өгч, урам зоригийг нь бадраах зорилготой юм.

Дэлхий ертөнц тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт ухаан бодол, алсын хараа, мэргэжлийн ур чадварыг хослуулан, энх тайван, харилцан хүндлэлийг эрхэмлэж, Монгол төрийнхөө алтан аргамжийг бат бэх байлгах эрхэм үйлсэд шамдан зүтгэж буй бүх хүмүүст Орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009