Онцлох мэдээ2 мин унших
Тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.12.31/-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Байнгын, дэд хороо цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх ба нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал, Хууль зүйн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн санал, Төсвийн байнгын хорооны ирүүлсэн дөрвөг саналыг тус тус тусгаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ирүүлсэн найман саналаас долоог нь цаглаварт тусгажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр цаглаварт тусгасан байна.
Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







