Онцлох мэдээ2 мин унших
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа он солигдох цаг мөчид өндөрлөж байна. Намрын ээлжит чуулган 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа хуралдаж, 148 асуудал, байнгын хорооны хуралдаан 112 удаа хуралдаж, 221 асуудал, дэд хорооны хуралдаан 10 удаа хуралдаж, 18 асуудал, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдаж, 33 асуудлыг тус тус хэлэлцлээ.

Энэ намрын чуулганы хугацаанд:
-Монгол Улсын 2026 оны төсөвт эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталлаа.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өргөн боломжийн өмнө хөндөлссөн элдэв хязгаарлалтуудыг эрс багасгалаа. Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл шийдэх эрхтэй боллоо.-
Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо.
-Улсын Их Хурлын соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол “Зүрх судасны үндэсний төв”-ийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм. Монгол хүний элэг бүтэн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус зээл зориулагдана.
-Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шинэ сургууль, 9 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголдоо суралцана.
-“Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа.
Эх сурвалж:
МАН-ын бүлэг
