#Тойрог1 мин унших
Өвөлжилт хүндрэлтэй сумдад авто машин олголоо

Төв аймгийн Баянжаргалан сум, Угтаалцайдам сумдад өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин олголоо. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг, сумдын эрүүл мэнд, онцгой байдал, ЗДТГ-ын салбар нэгжүүдэд нийт 20 автомашиныг хуваарилж байна.
Арга хэмжээнд Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар, сумдын төлөөлөл болон Онцгой байдлын алба хаагчид оролцлоо.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчид иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай авто машин 20 ширхэг, цас ихээр орж зам даваа хаагдад зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг олгохоор тогтсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэнийг олгож байна.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

