Үйл явдал2 мин унших

Хөшиггүй цонхны цаана

Хөшиггүй цонхны цаана
Хөшиггүй цонхны тавцан дээр хөшиг болтлоо овоорсон хавтастай бичиг цаас. Энэ бол тендер шалгаруулдаг, санхүүгийн зөвшөөрөл олгодог албаны өрөөний танил төрх. Зөвхөн гарын үсэг зураад л цааш нь явуулах ёстой байтал авлига хараад зурахгүй, шийдэхгүй байсаар ийм болчихдог. 

Энэ өрөөний албан хаагчид төрийн үйлчилгээг иргэнд хүргэхдээ асар их ажилтай дүр төрх харуулна. Барилгын болон бусад тендерт орсон компаниуд хөлд нь сууж, царайчилсаар тийм болгожээ. Магадгүй дээрээ “улстөрийн хамгаалалттай”, дэргэдээ сүлжээтэй. Яамд ийм байхад тендерийн газар нь бүр ойлгомжтой. Хатуу ч гэсэн бодит үнэн.

Гүйцэтгэгч нар тендерт шударгаар ороод ялах магадлал ховор. “Цаад газар” нь шалгаруулна гэснээ шалгаруулна. Унагаана гэснээ унагаана. Нөгөө “хувь” -ийг өгдөг бичигдээгүй хууль үүнээс үүдэлтэй. 12 жил баригдаж байгаа сургуулийг дуусаагүй байхад нь л улсын комисст арав хориулаа гарын үсэг зураад хүлээгээд авчихаж байгаа юм. Юу ч гэхэв дээ.

Энэ бүхэн нь гурван ээлжийн сургуулийн гажгийг бий болгогч нэгэн томоохон хүчин зүйл болжээ. Тоо хэмжээ салгаж зарладаг, зураг төсөвт тусгагдаагүй ажлуудыг нэмж хийх шаардлага үүсдэг, улсын төсөвт бага өртгөөр тусгагдаж, жил бүр төсөвт өртөг нэмэгддэг зэргээр барилгын салбар дахь гажуудлууд гурван ээлжээр хичээллэх үндсэн шалтгаан болдог юм шүү.

Жил бүрийн боловсролын салбарын статистикаар гурван ээлжийн сургуулийн тоогоо мэдээгээр зарлаад л явдаг байж. Бид ч мөн 2022 оны 8 дугаар сард гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй болсон 43 сургуулийн 30,000 орчим сурагчийн асуудалтай тулгарчхаад байж байсан. Өвлийн хүйтэнд, харанхуйд 20:00 цаг хүртэл хичээллэх нь хэвийн үзэгдэл гэж үү дээ.

Манай залуус асуудлыг хараад сууж сураагүй хүмүүс. Ажлын ачаалал даана ч гэж сүрхий. Бидний нэн тэргүүнд хийх ажил бол боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийг хөдөлгөх юм байна.

Ачаалал өндөртэй байршлуудад баригдаж байгаа сургуулийн барилга байгууламж нэг бүр дээр очиж ажиллан, барилгын ажлыг нь эрчимжүүллээ.

Үүний үр дүнд 2022-2024 онуудад нийт 152 барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадлыг 50,000 хүүхдээр нэмэгдүүлж чадсан юм.

Үүний зэрэгцээ томоохон хотхон хорооллуудад бага сургуулийн байр түрээслэх, хамран сургах тойрогт зохицуулалт хийх, сургуулийн анги танхимыг дахин төлөвлөх зэргээр асуудлыг бүрэн шийдсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо жил бүр нэмэгдэнэ. Мэдээж түрээсийн байр нэг шийдэл нь байсан. Гэхдээ түр зуурынх. Урт хугацаандаа түрээсийн байрыг бүрэн халах ёстой. Үргэлжлэл бий…

системийн туйлдал ба реформ номын хэсгээс...

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010