Үйл явдал2 мин унших
Бодлогын хороо бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг гаргана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанар гээд сайн сайхан байдлын олон үзүүлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн асуудлуудад бодлого боловсруулах зорилготой 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын намын жагсаалтад нэр дэвшин сонгогдсон юм. Тэрбээр дээрх чиглэлээр парламентад ажлын хэсэг ахалж ажиллаж байгаа.
Мөн намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилсон билээ. Тус хороо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилготой ажиллахаар анхны хурлаа өнөөдөр /2026.01.15/ хийлээ.
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны хуралд намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва оролцож үг хэлэв.

Тэрбээр “Ардын нам социал демократ үзэл баримтлалтайн хувьд нийгмийн бүх төлөөллийн эрхийг хамгаалах үүрэгтэй улс төрийн хүчин. Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж буй энэ үед Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны ажил чухал юм. Намын төлөөллийн дээд байгууллага болох Бага хурлын дараагийн хуралдаанд энэхүү бодлогын хорооны ажиллах шийдэл, хувилбаруудыг танилцуулж, шийдвэр болгон гаргах боломжтой. Иймд тэгш оролцоо, хүртээмж, тусгай боловсролын чиглэлээр ажилладаг хувь хүмүүс, багш, асран хамгаалагчид, төрийн бус байгууллага, намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан бодлогын хороог байгуулсан” гэж онцлов.
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд "Гэрээсээ гарцгаая" нөлөөллийн аян, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих шошгоны төсөл зэргийг эхлүүлжээ. Тус бодлогын хорооны Нарийн бичгийн даргаар намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын улс төрийн ахлах ажилтан Э.Улсболд ажиллаж байна.
Эх сурвалж:
МАН-ын бүлэг