Үйл явдал2 мин унших
Хурдан тэмээ уяачдад Улсын цол олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барив

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга, Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж "Түмэн тэмээний баяр 2026" наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр, "Өмнийн сайхан говьд 29 дэх жилдээ болж буй "Түмэн тэмээний баяр 2026" наадмыг зорьж, Тэмээчдээ хүндэтгэж хүрэлцэн ирсэн Монгол Улын Ерөнхий сайд Г.Занданшатар танд гүн талархал илэрхийлье.

Тэмээн сүргээ цуглуулан баярлан цэнгэж буй наадамчин олон та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.
Өмнөговь аймаг нь Монгол улсад төдийгүй Дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг билээ.

Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг Тэмээнд хайртай говьчууд минь олон жил уйгагүй хийж ирсний үр дүнг өнөөдөр бид харж байна.
1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь, улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр өвлийн аялал жуулчлалын том наадам болсонд баяртай байна.
"Түмэн тэмээний баяр 2026" наадам 29 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд ололт амжилт арвин байсан төдийгүй, хурдан тэмээ уяачиддаа Улсын цол олгох хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа нь бидний хувьд онцлох явдал юм.

"Түмэн тэмээний баяр 2026" баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. Баяр наадмыг сайхан зохион байгуулж бэлтгэл ажлыг хангасан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн Соёл Уралдааны Холбоо, бүх сумдын ИТХ, ЗДТГ, төрийн албан хаагчид, дэмжсэн аж ахуйн нэгжүүд малчид иргэд та бүхэндээ халуун баяр хүргэе. Говь сайхан нутгийн минь ганган тэмээд түм бумаараа өсөн үржиж буян хишиг нь дэлгэрч явах болтугай" гэлээ.


