#Тойрог2 мин унших
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин К.Түмэнноровын гэр бүл “Улсын аварга малчин” боллоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг нэгдүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров болон түүний гэргий Пушкиний Баасансүрэн нар “Улсын аварга малчин” цол хүртлээ.
Тэд Сэлэнгэ мөрний дагуух үржил шимтэй нутаг болох Хайлантай, Гуртын ширгүү, Нүхэн зэрэг газруудаар нутаглан, 32 жил тасралтгүй, мал маллаж, сум орон нутагтаа хүндлэгдсэн малчид. Анх 104 толгой малтай айл болж байсан бол өнөөдөр мал сүргийнх нь тоо 2000 даваад байна. Эднийх 2007 оноос хойш ямаан сүргээ Хөвсгөлийн аймгийн “Эрчмийн хар” үүлдэр, хонин сүргээ “Баяд” үүлдэр, үхэр сүргээ “Сэлэнгэ” үүлдэр, адуун сүргээ ОХУ-ын махны чиглэлийн үүлдрээр сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.

Мөн 2016 оноос хойш сумын амьжиргааны түвшин бага өрхүүдээс туслах малчин гэрээгээр авч ажиллуулан цалин, ахуйн хэрэглээг хариуцан жил бүр 40-өөс доошгүй төл малаар дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй жил бүр 3-5 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг байна. Малчид хоршиж, хамтарч байгалийн эрсдэлийг давах санаачилгыг дэмжиж “Жанжин түшээт” малчдын хоршоог байгуулан, нутаг орны малчдаа уриалан орлогоо нэмэгдүүлж, хариуцлагатай амьдрахад нь үлгэрлэж байна. Тухайлбал эрүүл мэнд, нийгмийн даатгалд тогтвортой хамрагдаж, мал сүргээ ч байгалийн эрсдэлээс хамгаалж тасралтгүй даатгуулж ирсэн түүний туршлага нутгийн малчдад нь сайн жишиг болжээ.

Жилийн 8 сард нь отор нүүдэл хийж, малаа бэлчээрээр таргалуулж, хөрвөжүүлдэг түүний туршлага, эх мал бүрээс төл авдаг онцлог арга барилд нь залуу малчид хичээнгүйлэн суралцаж байна. Зөвхөн байгальд найдаад суух биш, өвөлжөөндөө байх хугацаандаа, байгалийн хүнд цагт малаа тэжээхэд хангалттай нөөц бэлтгэж авдаг нь түүний бас нэг давуу тал юм. Жилдээ 100-150 тн өвс, 3-5 тн гар тэжээл, 2-4 тн хүчит тэжээл, 3-4 тн хужир, шүүг бэлтгэн авч байна.