Ярилцлага10 мин унших

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн оролцоо намын бодлого, институцийн хөгжлийн салшгүй хэсэг болж хэвших суурийг тавьсан

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн оролцоо намын бодлого, институцийн хөгжлийн салшгүй хэсэг болж хэвших суурийг тавьсан

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа.

-Таны гурван жилийн өмнө Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ойн дээр бид ярилцаж байна. Олон хүний итгэлийг хүлээж, хариуцлагатай ажил хүлээн авахдаа хийхээр зорьсон ажлуудаасаа өнгөрсөн хугацаанд хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

-Монгол Улсын улс төрийн намын дэргэдэх хамгийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн намайг гурван жилийн өмнө сонгосон СДМЭХ-ны гишүүд, МАН-ын удирдлагад гүн талархал илэрхийлье. 2023 оны нэгдүгээр сард энэ ажлыг авч байхад дэлхий дахинаа цар тахал “Ковид-19” дөнгөж дуусаж, нийгэм, эдийн засгийн гүн хямралаас гарч чадаагүй байсан.

Бид үйл ажиллагаагаа идэвх­жүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд төдийгүй нийгэм, эдийн засгийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тавьсан нь үр дүнд хүрч хууль эрх зүйн орчин болон зарим тоон үзүүлэлт сайжирч байгааг харахад бахархам сайхан байна. СДМЭХ нь үйл ажиллагаагаа тогтмолжуулах, цар тахлаас үүдэн хойшлогдоод байсан хугацаат хурал, арга хэмжээгээ зохион байгуулах, гишүүдээ идэвхжүүлэх гээд олон ажлыг 2024 оны УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийн өмнө шуурхай хийх шаардлагатай болсон.

Бид 2500 гаруй эмэгтэйчүүдийг хамарсан бүсийн чуулганыг 2023 онд багтаан зохион байгуулж, мөн шат шатны нэр дэвшигчид, сонгуульт албан тушаалтнуудыг бэлдэх сургалт арга хэмжээг орон даяар зохион байгуулсан. 2024 онд СДМЭХ-ныхоо 30 жилийн ойг орон даяар ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн 7000 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна. Мөн 2025 онд анх удаа шат шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  800 эмэгтэй төлөөлөгчдийн чуулга, уулзалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УИХ-д суудалтай улс төрийн намуудтай хамтран зохион байгуулсан. Уг чуулганаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө мөн хүүхэд гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд  жендэрийн квот 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувь болгон нэмэгдэх, намын жагсаалтад эмэгтэй эрэгтэйг ээлжлэн жагсаах зарчмыг тусгасны үр дүнд УИХ-д МАН-аас 15 эмэгтэй гишүүн, таван улс төрийн намаас нийт 32 буюу 25.4 хувь нь эмэгтэйчүүд байх эрх зүйн үндсийг тавьж чадсан.  Энэхүү эрх зүйн өөрчлөлтийг хийхэд манлайлж оролцсон үе үеийн манай намын УИХ-ын эмэгтэй гишүүддээ бид онцгойлон талархал илэрхийлэх учиртай. Тэд энэхүү томоохон реформын эзэд, илүү боломжийг дараагийн эмэгтэйчүүддээ олгоод өөрсдөө томсгосон тойрогт хүч үзсэн манлайлагчид юм. Ер нь аливаа өөрчлөлтийг өөрсдөө эхлүүлээд өөрсдөө үр шимийг нь хүртэхээс илүү өрөөл бусдад боломж нээх өөрчлөлт л үлддэг, хүлээн зөвшөөрөгддөг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Ахмад настны тухай хуулийг эмэгтэй гишүүд манлайлж УИХ-аар батлуулж чадсан.

МАН-ын 31 дүгээр Их хуралд 2255 төлөөлөгчийн 918 буюу 40 хувь нь эмэгтэйчүүд байсан нь Их хуралд өнгө, дуу хоолой, олон ургалч үзлийг нэмсэн түүхэн амжилт байлаа.   МАН-ын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон томоохон заалтын нэг нь эмэгтэйчүүд бүх шатны удирдах албан тушаалд 40 хувийн төлөөлөлтэй байх боломж бүрдсэн юм.

-Монгол Ардын Намын тулгын чулууны нэг болсон эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг бүтцийн хувьд хөдөлгөсөн нь шинэ, залуу боловсон хүчнээр эгнээгээ өргөтгөх боломжийг бүрдүүлсэн. Таны гаргасан энэ шийдвэрийн үр дүнд өнөөгийн СДМЭХ-нд ямар өөрчлөлт, шинэ үнэт зүйлийг бий болгож чадсан бэ?

-СДМЭХ бол 31 жилийн түүхтэй, улс төр, нийгмийн амьдралд бодит хувь нэмэр оруулж ирсэн байгууллага. Гэхдээ манай намын амжилт бол гурван цагийн хэлхээсээ хадгалахад оршдог. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн дундаж нас өнөөдөр 35 байгаа нь СДМЭХ манлайлагч эмэгтэйчүүдээр эгнээгээ бэхжүүлж, дараагийн манлайлагчдыг бэлдэж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгааг харуулж байна. Холбоонд салбар салбарын төлөөллийг оролцуулахыг эрмэлзэж Удирдах зөвлөлд улстөрчдөөс гадна бизнес, эрүүл мэнд, боловсрол гээд салбар салбарын төлөөллөөс оролцуулсан нь холбоо эмэгтэйчүүд болон нам, төрийн бодлогын дундах гүүр болоход нэн чухал хэмээн үзсэн. Эдгээр эмэгтэйчүүд өөрийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгүүдэд орж амжилттай ажилласан. Та бүхэндээ баярлалаа.  Салбар, салбарын төлөөлөл, шинэ залуу эмэгтэйчүүдээр эгнээгээ тэлснээр холбоонд шинэ санал санаачилга, шинэ ажлын арга барил нэвтэрснийг МАН-ын удирдлагууд олон арга хэмжээнд онцлон тэмдэглэж байсан.  Мөн гурван жилийн хугацаанд гишүүнчлэлээ 94 мянгаас 125,000 болгон 30 хувиар нэмэгдүүлж чадсан нь холбооны том амжилт юм.

Эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, нийгмийн халамж, эрүүл мэнд гэсэн салбаруудын тухай ярих ёстой гэсэн хэвшмэл ойлголтын хязгаарыг давж уул уурхай, эрчим хүчний салбарт эмэгтэй лидерүүд төрөн гарч байгаад мөн баяртай байна.

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн оролцоо намын бодлого, институцийн хөгжлийн салшгүй хэсэг болж хэвших суурийг тавьсан

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө та ажлаа авснаар СДМЭХ, түүний салбар холбоодод байгаа улстөрд гарч бусадтай мөр зэрэгцэн өрсөлдөж эмэгтэйчүүдээ төлөөлөх чадвар, боломжтой гишүүдээ бэлдэн тэднийг дэмжин ажилласны үр дүнг өнөөдөр бид харж байна. Одоо ч гэсэн танай холбоонд ийм нөөц байгаа гэж та бодож байна уу?

-Манай холбоонд нөөц боломж асар их бий. Монгол эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй хэсэг, хариуцлагатай иргэд. Харин заримдаа хэрхэн, яаж гэдгээ мэдэхгүй, дэмжих бүтэц дутмаг зэрэг нь Монголд төдийгүй дэлхий даяар ажиглагддаг. МАН-ын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлын илтгэлдээ эмэгтэйчүүдийн оролцоог бүх талаар дэмжихээ илэрхийлж эмэгтэйчүүдийн академи байгуулан тусгай хөтөлбөрөөр эртнээс эмэгтэйчүүдийг зоригжуулах, чадавхжуулах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгааг сонсоход үнэхээр сайхан байлаа. Эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн СДМЭХ-ны асуудал биш, намын бодлогын цөмд орж бодлогоор дэмжинэ гэсэн үг юм.

Мөн түүнчлэн Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай улс төрийн намууд төрөөс авдаг дэмжлэгээс тодорхой хувийг заавал эмэгтэйчүүд, ахмад, залуучуудын үйл ажиллагаанд чиглүүлэхээр заасан нь том ахиц дэвшил болсон. Цаашид бид эмэгтэйчүүдийг улс төрд зөвхөн квотын хэмжээнд нэр дэвшүүлэх тухай биш, нийгэм эдийн засгийн томоохон сэдвийн хүрээнд хүчтэй дэмжлэгтэй ажиллах, сумаас аймаг, аймгаас УИХ-д нэр дэвшин ахин дэвшүүлэх талаар аль хэдийнээ зорин ажиллаж эхэлсэн. Энэ бол нам, орон нутаг, нийслэл, төр болон нийгмийн салбарт идэвхтэй ажиллаж буй үе үеийн эмэгтэйчүүдийн ажлын үр дүн юм.

-Бүсийн чуулган, манлайллын хөтөлбөр, Удирдах зөвлөлийн гишүүдийн холбооныхоо гишүүдтэй хийсэн уулзалт зэрэг ажлуудаар танай холбооны орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаа илүү эрчимжиж өдгөө хамтын ажиллагаагаа идэвхжүүлж эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу улс төр, нийгмийн салбарт ажиллаж байна. Орон нутаг дахь салбар холбоодоо идэвхжүүлсний үр дүн юу байв?

-Орон нутгийн салбар холбоод бол СДМЭХ-ны бодит амьдрал, бодит нөлөө оршдог хэсэг. Тиймээс бид салбар холбоодтойгоо тогтмол харилцаж, бүсийн чуулган, уулзалтуудаар дамжуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлэхийг зорьсон. Үүний үр дүнд орон нутгийн гишүүд өөрсдийн эзэмшсэн мэргэжил, туршлагадаа тулгуурлан улс төр, нийгмийн салбарт илүү идэвхтэй оролцож, бие даасан санаачилга гаргах болсон. Энэ нь СДМЭХ төвлөрсөн удирдлагатай байгууллагаас хамтын ажиллагаанд суурилсан сүлжээ болж өөрчлөгдсөний бодит илрэл юм.

2024 оны орон нутгийн сонгуульд 8627 төлөөлөгчөөс 2220 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон. Үүнээс 1070 нь МАН-ын төлөөлөгчид байлаа. Эмэгтэйчүүд сум, дүүрэгт илүү их сонгогддог нь тэд иргэдтэй нүүр туулж ажилладаг, орон нутагтаа сайн хүлээн зөвшөөрөгддөгийн илрэл. Цаашид орон нутгийн сонгуулийн квот нэмэгдэж бүр ч олон эмэгтэйчүүд нэр дэвших нь гарцаагүй. Эдгээр эмэгтэйчүүдээ дэмжин ажиллах нь орон нутгийн салбар холбоодын гол ажил юм.

-СДМЭХ байгуулагдсаны 30 жилийн ой таны холбооныхоо Ерөнхийлөгчөөр ажиллах үетэй давхацлаа. Өнгөрсөн хугацааны амжилт, алдаа оноогоо хамтдаа ярилцаж ирэх 30 жилийн төлөвлөгөөг гаргахдаа та юунд анхаарал хандуулсан бэ?

-30 жилийн ойг бид зөвхөн тэмдэглэх үйл явдал бус, ололт, амжилтаа ярилцаж, өчигдрөөс өнөөдөрт, өнөөдрөөс маргаашийн амжилтаа бататгах зорилго, зорилтоо  бодитоор дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох чухал мөч гэж харсан. Амжилт, алдаа оноогоо нээлттэй ярилцаж, ирэх 30 жилд СДМЭХ эмэгтэйчүүдийн бодлогын оролцоог гүнзгийрүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих, орон нутгийн манлайллыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг тэлэхэд төвлөрөх ёстой гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн.

30 жилийн түүх бол монгол эмэгтэйчүүдийн хөгжил, дэвшил, эрх, оролцооны 30 жилийн түүх юм. Холбооны ерөнхийлөгч хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашиж байсан Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар болон үе үеийн Удирдах зөвлөл, Ажлын алба, аймаг орон нутгийн салбар холбоо, зөвлөл, гишүүдийн тууштай хөдөлмөр, идэвх зүтгэлийн үр дүнд Монголын эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах олон чухал шийдвэрүүд гарч амжилтад хүрсэн. Үе үеийн эмэгтэйчүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр СДМЭХ 125 мянган эмэгтэйг эгнээндээ нэгтгэн 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 204 хороонд салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн хамгийн том байгууллагын нэг болон хөгжсөн билээ.

МАН-ын шат шатны сонгуульд ялалт байгуулж, эмэгтэйчүүдийн идэвх оролцоо улс төрд, тэр тусмаа манай намд бэхжиж байгаа нь сайшаалтай. Гэвч бид цаашид эмэгтэйчүүдээ чадавхжуулах, шат шатны намын байгууллагуудад оролцоог нь  хангах, төрийн бодлого шийдвэрт тэдний дуу хоолой, мэдлэг чадварыг хүргэх, нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудалд манлайлж, нам үл харгалзан эмэгтэйчүүдийн үүсэл, санаачилгын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэх мэт олон ажлыг бодлого, стратегидаа тусгасан. Бидэнд бүтээх хүсэл эрмэлзэл, чадварлаг боловсон хүчин бий. Тиймээс дараагийн 30 жилийн төлөө хамтын хүчээр зүтгэнэ.

-Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд СДМЭХ-ны төлөөлөл болсон салбар салбарын эмэгтэйчүүд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлсний үр дүн юугаар илрэх вэ?

-Энэ Их хурлын хамгийн чухал үр дүн бол эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн индэр дээр үг хэлэх, тоо бүрдүүлэх түвшинд бус, намын дотоод соёл, шийдвэр гаргалтад бодит өөрчлөлт авчирсан явдал гэж үздэг. СДМЭХ-ны төлөөлөл болсон эмэгтэйчүүд салбар бүрийн бодит туршлага, нийгмийн суурь асуудлуудыг хөндөж, хүний хөгжил, нийгмийн хамгаалал, тэгш оролцооны асуудлыг илүү системтэй, бодлогын түвшинд авч хэлэлцсэн. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн санал, байр суурь нь Монгол Ардын Намын бодлогын баримт бичгүүдэд илүү тод, агуулгатайгаар тусгагдсан.

Хамгийн чухал оролцоо нь улс төрийн намын соёлд шинэ хандлага төлөвшиж эхэлснийг илтгэсэн. Өөрөөр хэлбэл, төлөөлөл гэдэг нь заавал тоон харьцаагаар хэмжигдэх бус, бодлогын нөлөө, үнэт зүйлийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэх ёстой гэдгийг эмэгтэйчүүд бодитоор харуулж чадсан. Энэ өөрчлөлт нь намын дотоод дүрэм, үнэт зүйлийн түвшинд ч тусгалаа олж, намын Үндсэн дүрэмд хүний хөгжил, тэгш оролцоо, төлөөллийн чанарыг илүү тодорхой болгосон заалтуудаар илэрхийлэгдсэн нь бодит ахиц юм.

Тиймээс энэ Их хурал бол СДМЭХ-ны төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн оролцсон үйл явдал биш, харин намын соёл, бодлогын чиг хандлагад жинхэнэ утгаараа нөлөөлж чадсан үе шат гэж дүгнэдэг. Энэ нь цаашид Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн оролцоо намын бодлого, институцийн хөгжлийн салшгүй хэсэг болж хэвших суурийг тавьсан чухал алхам болсон.

-Танаас СДМЭХ-ны гадаад улс орнууд дахь хамтын ажиллагааны хүрээнд өрнөсөн онцлог үйл явдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй. Бүгдийг нь яривал цаг хугацаа, сонины нүүр хуудас хүрэлцэхгүй. Тиймээс та онцлохоос нь дурдана уу?

-СДМЭХ нь олон улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирсэн. Жендэрийн асуудал дэлхий даяар хүний эрхийн тулгуур асуудал хэмээн судлагдаж, дэмжигдэж ирсэн. Тиймээс ч үүнийг олон улсын хамтын ажиллагаа, судалгаагүйгээр ажил хэрэг болгох боломжгүй. СДМЭХ-ны 30 жилийн баярын хуралд есөн орны Элчин сайд, олон улсын зургаан байгууллагаас мэндчилгээ ирүүлж, биеэр оролцсон.

Миний хувьд СоцИнтернийн Ази, Номхон далай хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтын ажиллагаа үргэлжлүүлж холбооны Удирдах зөвлөлийн төлөөлөл үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Түүнчлэн НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68, 69 дүгээр  чуулганд оролцсон. Мөн бид БНХАУ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж чадсан нь онцлох үйл явдлын нэг юм. Тодруулбал, манай  21 аймаг, есөн дүүргийн салбар холбооны дарга БНХАУ-ын Ухань хотод албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг хийж, олон улсын түвшний бодит туршлага, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцооны талаар өргөн хүрээнд санал солилцсон. Энэ уулзалт нь зөвхөн протоколын шинжтэй арга хэмжээ бус, олон улсын түвшинд харилцан туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьсан бодит алхам болсон гэж үздэг. Цаашид бид эдгээр олон улсын хамтын ажиллагааг илүү системтэй, тогтвортой хэлбэрт оруулж, нэг удаагийн уулзалтаар хязгаарлах бус, бодит үр дүн, бодлого, чадавх нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх зорилт тавьж байна. БНХАУ болон бусад түнш орнуудтай тогтоосон харилцаа цаашид улам гүнзгийрч, СДМЭХ-ны үйл ажиллагаа, Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо олон улсын түвшинд илүү баттай байр суурь эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Удахгүй танай холбооны Ээлжит бус Их хурал болно. Энэ хурлын талаар мэдээлэл өгнө үү? 

-Энэ удаагийн ээлжит бус Их хурал бол СДМЭХ-ны хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа бодитоор дүгнэхийн зэрэгцээ, ирэх жилүүдийн зорилт, чиг баримжаагаа гишүүдийн өргөн оролцоотойгоор тодорхойлох онцгой ач холбогдолтой үе юм. Энэ удаагийн хуралд нийслэл болон орон нутгийн салбар холбоодыг төлөөлсөн нийт 521 төлөөлөгч оролцохоор бэлтгэл хангагдаж байгаа нь уг хурлын цар хүрээ, ач холбогдлыг тодорхой харуулж байна. Ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдах нь СДМЭХ гишүүдийн дуу хоолой, оролцоог бодитоор тусгаж, шийдвэрүүдээ хамтын зарчмаар гаргах институцийн чадавхтай болсны илрэл гэж үздэг.

Энэхүү ээлжит бус Их хурал нь зөвхөн тайлан сонсох, дүгнэлт хийх хурал бус холбооны дараагийн Ерөнхийлөгч ажлаа хүлээн авах СДМЭХ дараагийн хөгжлийн шатандаа шилжиж байгааг илтгэх чухал үйл явдал юм. Түүнчлэн энэ хурлаар эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн үзэл баримтлал, онолын түвшинд бус, бодит бодлого, бодит практик болж хэрэгжих шийдвэрлэх цаг үед тохиож байна. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч, Хяналтын хороо, Удирдах Зөвлөл, Бага хурлын гишүүдэд амжилт хүсэж сайн сайхныг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Сэлэнгэ

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008