Үйл явдал1 мин унших
Сургуулийн ачааллыг бууруулах цорын ганц зөв шийдэл бол шинэ сургууль нэмж барих билээ

Өнөөдөр үүний нотолгоо, сайн туршлага болсон Ч.Хишигмаа захиралтай НЕБ-ын 65 дугаар сургууль дээр ажиллалаа. Түүх хуваалцахад тус сургууль 2020 оноос 4 мянга гаруй суралцагчтай болж, гурван ээлжээр хичээллэж байжээ. Ингээд зэргэлдээх хоёр хороонд жил дараалан 152,162 дугаар сургуулийг ашиглалтад оруулснаар 65 дугаар сургууль маань эргээд 2000 гаруй суралцагчтай болж, хоёр ээлжээр хичээллэдэг болсон байна.
Ингэснээр анги танхимын хүрэлцээ нэмэгдэж,
-Хоёр номын сан
-Төгсөх ангийнханд зориулсан давтлагын өрөө
-Сэтгэл зүйчийн өрөө
-Тэгш хамран сургах өрөө
-Дугуйлан секцийн өрөө зэрэг хүүхэд хөгжил, сургалтын чанарт анхаарах боломж бүрджээ.
Үр дүнд нь гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-р түвшинд эрэмбэлэгдэж, өнгөрсөн 2025 онд гэхэд ЭШ-аар 800 оноо авсан 8 төгсөгч тодорч, мөн 3 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 10 сурагч хамрагдсан ололт амжилттай байгаагаа захирал Ч. Хишигмаа онцлон хуваалцлаа. Мөн тэрбээр "Гурван ээлжээр хичээллэж, сүүлийн ээлжийн сурагчид орой 7,8 цагт тардаг нь байхад хүүхдүүдээ л аюулгүй тарааж, гэрт нь хүргэх юмсан, түрээсийн байраа яаж зохицуулна гэж санаа чилээдэг байлаа. Харин шинэ сургуулиуд баригдаж, манай ачааллаас хуваалцдаг болсноос хойш багш нарынхаа ур чадварыг яаж ахиулах вэ, яавал сурагчдын сурлагын ахиц гаргах боломжтой байна гээд чанартаа анхаарах цаг зав ихтэй болсон. Ачаалал багасаад ирэхээр орчин нөхцлөө улам сайжруулаад, багш сурагчид тухтай орчинд үр бүтээлтэй ажилладаг болсон" хэмээн ярьсан юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



