Үйл явдал1 мин унших
Кембрижийн хөтөлбөрийг орон нутагт үе шаттай нэвтрүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Кембрижийн их сургуулийн Хэвлэл, үнэлгээний газрын Олон улсын боловсролын хэлтсийн Зүүн Азийн бүсийн захирал, доктор Жин Жао, тус хэлтсийн олон улсын сүлжээний төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан захирал Том Кендон нарыг хүлээн авч уулзлаа.
Бид олон улсын хөтөлбөрөөр суралцах боломжийг зөвхөн нийслэлийн цөөн сургуульд бус, орон нутгийн хүүхэд бүрд хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх төрийн өмчийн 12 ахлах сургууль байгуулах Засгийн газрын төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлнэ.

Уулзалтаар шинээр байгуулагдах сургуулиудыг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлтгэх, багш, сургуулийн удирдлагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, сургалт болон үнэлгээний чиглэлээр Кембрижийн талтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Мөн доктор Жин Жао Монголын төрийн өмчийн сургуулийн сурагчид Кембрижийн олон улсын шалгалтад өндөр амжилт гаргаж байгааг онцолсон юм. Тухайлбал, энэ жил Монголын сурагчид нийт 63 шагналын 33-т шалгарсан нь төрийн өмчийн сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлснээр сурагчдын мэдлэг, чадварыг дэлхийн түвшинд үнэлүүлэх боломж бүрдэж байгааг харуулж байна.
Кембрижийн шилдэг суралцагчдын шагнал гардуулах ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд болно.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
