Үйл явдал2 мин унших
Төмөр зам болон нисэх хүчний салбарын боловсон хүчин, говь нутгаас бэлтгэгдэнэ

Өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо "Говийн бүсийн хөгжил" өдөрлөгийг Зам тээврийн яам, Өмнөговь аймаг, Монголын төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн гол зорилго нь тухайн салбарт мэргэжилтэй боловсон хүчин, чадварлаг залуусыг говийн бүсээс, Өмнөговь аймгаас бэлтгэх юм.
Уул уурхайн гол төслүүд хэрэгжиж байгаа бүс нутгийн хувьд аюулгүй тээвэр, дэд бүтэц хамгаас чухал. Төмөр замыг өргөтгөж Даланзадгадтай холбон, импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг хямд татах нөхцлийг бий болгох, ДЦС-ын нүүрс тээврийг тасалдуулахгүй, боловсронгуй болгох зэрэг олон талт ач холбогдлыг тооцох, төмөр замыг баруун бүсийн чиглэлд гаргах, тус салбарт ажиллаж буй говийн аймгуудын ажилчдыг нэмэгдүүлэх талаар өдөрлөгийн үеэр онцоллоо. Мэргэжлээ сонгох насны хүүхэд залуусдаа мэдээлэл өгснөөр Монгол улсын зам тээврийн хөгжилд нутгийн залуус манлайлан оролцох сонголтоо хийж байгаад баяртай байна.
Мөн Өмнөговь аймагт Олон улсын нисэх онгоцны буудал барих ажил олон жил яригдаж төлөвлөгдөж явсан бөгөөд энэхүү ажлыг яаравчлах, энэ ондоо эхлүүлэхээр болж байна. Ингэснээр нисэх хүчний салбарт мөн л говь нутгийн залуус ажиллаж, түүхэн олон бүтээн байгуулалтыг бий болгоход гар бие оролцох боломжийг нээж байна.
Иймд Өмнөговь аймгийн сурагчид, залуус та бүхэн Зам тээврийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах мэргэжлийг эзэмшиж, ажил амьдралаа тухайн салбарт зориулан амжилт гаргах бололцоотой онцлох цаг үеийг бид хамтдаа бүтээж байна.
Төмөр замыг дагасан бэлчээр нутгийн хуваагдал, хориг хашаагүй тээвэр эхэлснээс үүдэн мал малчид, зэрлэг ан амьтад дайрагдаж зүй бусаар хорогдсон сөрөг үр дагаврууд өнгөрсөн хугацаанд олонтаа байсан боловч, Монголын төмөр замаас хориг хашааг барьж дууссан гэдгээ зарлалаа. Тиймээс одоо холбогдох хохирлыг барагдуулж нутгийн малчдад ээлтэй хандах нь зүйтэй!
Өдөрлөг арга хэмжээ өргөн болж, говьчууд бидний хувьд Монголын нисэх хүчин, төмөр замын салбарт гар бие оролцох шижигнэсэн залуу үеэ бэлтгэх шаардлага бий боллоо.


