#Ажлын хэсэг1 мин унших
Ж.Галбадрах: Боловсролын салбарыг чөлөөлье!

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс төрийн ёс зүй, сахилга бат, эв нэгдлийг чухалчилж, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх шаардлагатайг онцолсон юм.
Харин УИХ-ын дарга Н.Учрал “ЧӨЛӨӨЛЬЕ” хөдөлгөөнийг танилцуулж, салбар бүрт хуримтлагдсан хүнд суртал, давхардсан зохицуулалт, дарамт шахалтыг арилгахыг уриалав.
Ж.Галбадрах гишүүн УИХ дахь “Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд зарим гишүүдийн хамт чуулганы завсарлагаанаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, удирдлагын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодит нөхцөл байдалтай танилцсан юм.
Тэрбээр "Нэг зүйл тодорхой байна. Боловсролын салбарт хүнд суртал, давхардсан хууль журам, үндэслэлгүй дарамт их байна. Сургалтын бус ажлын ачаалал хэт их болжээ.
Тиймээс бид ЧӨЛӨӨЛЬЕ хөдөлгөөний хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.
Боловсролын салбарыг хууль, журмын давхардал, хийдлээс чөлөөлөх
Сургуулийг төрийн хэт оролцоо, хүнд суртлаас чөлөөлөх
Багш нарыг шалгалт нэртэй дарамт, шахалтаас чөлөөлөх
Хаврын чуулганы хугацаанд багш, удирдлагуудаас ирсэн санал хүсэлтийг нэгтгэн, нэн даруй өөрчлөх шаардлагатай хууль, журам, тогтоол шийдвэрүүдийн жагсаалт гаргаж бодит өөрчлөлт хийхийн төлөө ажиллах болно" гэв.



