Үйл явдал1 мин унших
Т.Аубакир: Нийгмийн сайн сайхны төлөөх "итгэлийн гүүр" болсон нийгмийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе!

Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан “Монголын Нийгмийн Ажилтны өдөр 2026” арга хэмжээ /2026.03.17/-ний өдөр боллоо.
Нийгмийн ажлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар болон нийгмийн ажлын салбарыг цаашид хөгжүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухайд би нээлтийн үгэндээ онцоллоо.

Нийгмийн ажилтан нь боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, халамж зэрэг нийгмийн бүхий л салбарт зайлшгүй хэрэгцээтэй, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг чухал мэргэжил юм. Энэ удаагийн үйл ажиллагаа салбар бүрийн төлөөлөл болсон нийгмийн ажилтнуудыг нэг дор цуглуулж байгаагаараа онцлог болов.
НҮБ-ын Хүүхдийн сан болон манай яам хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөг нь мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн арга хэмжээнд төр болон төрийн бус байгууллагууд үзүүлэн засч оролцон, өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээ, туршлагаасаа танилцуулсан юм.
Хувь хүн, гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч, амьдралд нь бодит гэрэл асаадаг та бүхний хөдөлмөр бол манай нийгмийн үнэт баялаг билээ.
Нийгмийн ажлын салбар хүчирхэг, чадавхтай байх нь нийгмийн хөгжил, сайн сайхны үндэс юм.
Өдөр бүр галын фронтод чин сэтгэлээ зориулан ажилладаг та бүхэндээ баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл бүхэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь байх болно.

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


