Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Өчигдөр /2026.06.24/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун Азийн Хөгжлийн Банк (АХБ), Сангийн яам, Жендэрийн үндэсний хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн бүс нутагт жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг хөгжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн нээлт, төлөвлөлтийн семинарт оролцлоо.
Энэхүү семинар нь Монгол Улсад 2026-2029 онд жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллагуудын чадавхыг сайжруулах дараагийн алхмуудыг тодорхойлох зорилготой байв.
О.Саранчулуун гишүүн өөрийн боловсруулж буй “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай” хуулийн төслийн хэрэгжилтийг бодитой хангахын тулд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг жендэрийн болон хүний эрхэд суурилсан төсөвлөлтийн зарчимтай уялдуулах чиглэлээр санал солилцож, хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр "Хүртээмж бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш. Энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан, түр хугацаанд хөдөлгөөний болон мэдрэхүйн хязгаарлалттай болсон хүн бүрийн тэгш оролцоо, эрхийн асуудал юм. Тиймээс хүртээмжийг зардал гэж бус, хүний эрх, хөгжлийн хөрөнгө оруулалт гэж харах цаг иржээ.
Цаашид саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний хэрэгжилт нь төсөв, төлөвлөлтийн бодит шийдлээр баталгаажих ёстой бөгөөд энэ чиглэлээр төр, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн хамтын ажиллагаа улам бүр чухал хэвээр байна" хэмээн онцлов.