#Тойрог1 мин унших
“Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл барих хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат нар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөллүүд, “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал болон аялал жуулчлалын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан олон улсын нисэх буудал байгуулах, гадаадаас шууд нислэг хүлээн авах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар 4D ангиллын олон улсын нисэх буудлыг бүтээн байгуулах төслийг түргэсгэх, орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл хийхээр аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсантай холбоотойгоор 2026 онд багтаан Япон, Солонгос, БНХАУ-аас шууд нислэг зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Өмнөговь аймаг олон улсын шууд нислэгийг эхлүүлснээр говь нутгийг зорих жуулчдын тоо нэмэгдэн аж ахуй нэгж, иргэд орлого олох боломжоор хангагдан эдийн засаг өргөжин тэлэх ач холбогдолтой юм.
“Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл барих хамтын ажиллагааны санамж бичгийг аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлын дарга Х.Батболд нар байгууллаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


