#Коммент3 мин унших
Цахим хөгжлийн яамаар сонин юутай вэ?

Хийсэн ажил нь нүдэнд үзэгдэж гарт баригдсан зүйл байхгүй мэт боловч иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон зүйл бол олон төрлийн цахим үйлчилгээнүүд юм. Жил бүр тасралтгүй хөгжүүлэн, өдөр ирэх тусам л үйлчилгээгээ хялбар болгож буй гол ажлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нугалж байгаа билээ. Тус яамны удирдлагууд нь солигдсон ч ажлууд нь тасалдахгүй үргэлжилдэг нь тус яамны онцлог.
Тэгвэл тэд 2026 оныг “Их өгөгдөл, Хиймэл оюуны жил” болгон зарласан нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулаад зогсохгүй, технологид суурилсан эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох амбицтай төлөвлөгөө юм.
Дижитал хүртээмж хүн бүрт буюу баг бүрд 4G сүлжээ
Төрийн бодлогын залгамж чанарыг илэрхийлэх хамгийн том ажил бол дэд бүтцийн тэгш байдал юм. Тэр тусмаа технологийн эрин зуунд интэрнэт сүлжээний дэд бүтэц гэдэг бол ус агаар мэт хэрэгтэй зүйл.
Тэгвэл Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох 1650 багийг бүрэн сүлжээнд холбох түүхэн зорилтыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар сүлжээгүй байгаа 104 багийг 2027-2028 онд багтаан үе шаттай холбохоос гадна, зөвхөн ярианы (2G) сүлжээтэй 147 багийг өндөр хурдны 4G сүлжээнд шилжүүлнэ. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэд хотын оршин суугчидтай ижил түвшинд төрийн үйлчилгээг авч, мэдээлэл харилцааны эрх чөлөөгөө эдлэх боломж бүрдэж байна. Нэмээд гамшгийн үед ч холбоо үл тасрах технологийн шийдэлтэй болчих юм.
Уул уурхай + Хиймэл оюун
Өнгөрсөн оны есдүгээр сард батлагдсан “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг ЦХИХХЯ бодит ажил болгохоор ханцуй шамлан орсон. Одоогоор дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны салбарт өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын хувьд өөрсдийн давуу тал болох уул уурхайн их өгөгдөл дээр тулгуурлан ялгарахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 50 жилд хуримтлагдсан 400 сая гаруй ашигт малтмалын мэдээллийг дижитал хэлбэрт шилжүүлж, хиймэл оюуны системд ашигласнаар уул уурхайг зөвхөн түүхий эд олборлолт биш, технологийн салбартай хосолсон "шинэ эдийн засаг" болгон хувиргах эхлэл тавигдлаа.
E-Business: Халаасан дахь бизнес удирдлага
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан "E-Mongolia" платформын амжилтыг "E-Business" аппликейшн үргэлжлүүлж байна. Тус платформ хэрэглээнд нэвтэрснээр 953 төрлийн үйлчилгээг бизнес эрхлэгчид маань гар утсаараа авах боломжтой болов.
Тухайлбал:
● Хиймэл оюун ухаан туслагч: Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахаас эхлээд 29 төрлийн лавлагааг AI-д суурилсан шалгуураар хормын дотор шийдвэрлэнэ.
● Хяналт ба Удирдлага: Төрийн байгууллагад бүртгэлтэй өөрийн бизнесийн мэдээллээ хаанаас ч хянах боломжийг олгож байгаа нь бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд бодит алхам болсон.

Түүнчлэн тус яамны удирдлагын зүгээс 2026 оныг "Үр дүн ба Чанар"-ын жил байхыг салбарынхандаа анхааруулсан. Ингэснээр ажлын гүйцэтгэлийг хийсэн ажлын тоогоор биш, салбарт авчирсан бодит өөрчлөлт, KPI үзүүлэлтээр ажлыг дүгнэх шинэ жишиг тогтоож байна. Тиймээс цаашид төсвийн сахилга бат, ил тод байдал, яам болон агентлагуудын нэгдсэн зохицуулалт нь "Цахимаар нэн тэргүүнд" (Digital First) бодлогын тулгуур багана байх болно гэдгийг салбар яамны сайд нэгэнтээ онцолж байжээ.
Сэтгүүлч Уугантуяа
