#Коммент2 мин унших

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 10 сарын дотор шийдэгдсэн бүх зүйл ухарсан!

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 10 сарын дотор шийдэгдсэн бүх зүйл ухарсан!

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш чуулган тоотой хэд хуралдаж, өнөөдрийг хүртэл УИХ-ын даргаа сонгож чадсангүй. Шинэ Ерөнхий сайд томилогдсон ч сайд нар тодорхойгүй, Н.Учралын кабинет бүрдэж амжаагүй энэ долоо хоног дуусах гэж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  "Бид хамтдаа олон намын тогтолцоо руу шилжлээ. Гурав дахь спикерээ сонгох гээд гацаж байгаа шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын даргаар сонгогдсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж магадгүй гэдэг дээр л гацаад байна. УИХ-ын даргаас Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангана гэдэг бусад таван намдаа тэгш бус хандана гэсэн үг. Иймээс улс төрийн намууд өмнө нь ярьж байсанчлан нөхцөл байдлыг зөв үнэлж дараагийн хүнээ болон парламентыг эвгүй байдалд оруулахгүйн тулд нам бус болгоод УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг спикер буюу хурлаа удирддаг хүн болгох хэрэгтэй.

Ерөнхий сайд эрхээ хэнтэй ч хуваалцахгүй байх ёстой. Ерөнхий сайд бүтэц томилгоогоо хэрхэн хийхээс хамаарч хэр удаан засаглах вэ гэдэг нь хамаардаг. Би дөрвөн жил гаруй хугацаанд ажиллахдаа нэлээдгүй сорилтыг даван тууллаа. Нийгэм хүмүүст таалагдахгүй олон томилгоог хийсэн.

Мөн олон сайдтай ажилласан гэх шүүмжүүд бий. Миний хувьд цар тахлын сорилтыг даван гарч, Оюу толгойн гацсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү хүчтэй кабинетыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Би 126 гишүүнтэй парламентад 10 сар ажилласан. Хамтарсан Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эцэслэж, олон жил гацсан Гашуунсухайтын хил холболтын асуудлыг хоёр улсын засгийн газрын түвшинд хийсэн. Мөн хэл амтай ч Ораногийн хэлэлцээрийг хийсэн. Яг одоо яригдаж буй Туулын хурдны зам болон нийслэлийн төсвийг ч шийдсэн. Энэ бол хамтарсан Засгийн газрын үр дүн.

Г.Занданшатар дарга Засгийн газраа байгуулаад өмнөхөө илүү үгүйсгэсэн. Б.Энхбаяр гэдэг ганц дүртэй, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй тулаан зарласан. Энэ 10 сарын дотор юу болов, юу ч шийдэгдсэнгүй. Харин ч шийдэгдсэн бүх зүйл ухарсан. Сэтгэл хөөрлөө дараад намын үзэл баримтлал, бие биедээ дуртай дургүй гэдэг зүйлээ хойш татаад улс хөгжих үү, үгүй юу гэдгийг бодмоор байна.

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 10 сарын дотор шийдэгдсэн бүх зүйл ухарсан!

Би Н.Учрал сайдад бүх боломж бий гэж харж байна. Яаж балансаа хангаж, асуудлаа шийдэх вэ гэдэг бол гагцхүү намын даргын болон Ерөнхий сайдын хэнтэй ч үл хуваалцах өөрийнх нь бүрэн эрх. Үүн дээр өөрийнхөөрөө байж чадвал олон зүйл шийдсэн Ерөнхий сайд болно. Харин чадахгүй бол утсан хүүхэлдэй болж, нийгмийн дэмжлэгээ алдана. Монгол Улсын цагийг алаад өөрийн түүхээ сүйдэлнэ” гэв. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008