Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026.03.30-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг 04 дүгээр сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлснийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай үзэн, ажлын гурав хоногийн завсарлага хүссэн боловч хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн юм.
Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
