#Коммент3 мин унших

Сангийн сайд З.Мэндсайхан гэж хэн бэ?

Сангийн сайд З.Мэндсайхан гэж хэн бэ?

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын шинэхэн Засгийн газар бүрдээд, анхны ажлын өдөр нь өнөөдөр. Хэл, ам дагуулсан томилгоотой холбоотой "халуухан" сошиал шүүмжлэлүүд одоо ч тасраагүй хэвээр. Өнгөц дүгнэлт хийх нь учир дутагдалтай тул бидний ажлын үр дүнгээс хараарай хэмээн шинэхэн Ерөнхий сайд маань хариу барьчихсан.

Сайд нарын нэрстэй үл итгэх, сониуч зан хөдөлснөө нуухгүй ч мэдээлэл, судалгаа, баримтууд олж үзвэл харин ч нухацтай хандсан юмуу даа гэж бодогдов.

Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан шинэ Засгийн газарт Сангийн сайдаар томилогдов. Түүний улс төрийн замнал, түүнээс хуримтлагдан бий болсон арвин их туршлага, эхлүүлбэл дуусгахын төлөө тэмцдэг нэхэл хатуутай, "шазруун" хандлага, хамгийн гол нь Баруун бүс, тэр дундаа Ховд аймагт Үйлдвэр технологийн паркийг төлөвлөн Үйлдвэрлэлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн дараагийн гарц хэмээн тодорхойлсон уг бодлогын автор нь гэж хэлж болно.

Сангийн сайд З.Мэндсайхан гэж хэн бэ?

Хөгжлийн дараагийн гарц аа?

Монгол Улс бүс нутгийн боомтууд дээр суурилсан гадаад худалдааны эдийн засгийг бий болгох чиглэлд бодлого төвлөрүүлэх шаардлагатай болсон юм. Хамгийн зөв зохистой тээвэр ложистикийг, хамгийн зөв байрлал дээр тооцоолон гаргаж хувийн хэвшлүүдээ дэмжиж, бүс нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ийм л зорилготой бодлого.

Тэр нэг л зүгт харсан юм байна. Түүнийхээ төлөө өөрт ямар эрх олгогдсон, тэр бүх бололцооныхоо хязгаарт хүргэж хийж, хэлэлцэж, шахаж шаардсаар ирсэн юм байна.

Түүнийг "Цагаан алт" хөтөлбөрийг санаачлан боловсруулж, 2024 оны зургаадугаар сард УИХ-аар батлуулж, улсын төсөвт 77 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаас шийдвэрлүүлснийг мэдэх хүн тиймч олон биш. Даруу байхын сул тал энэ.

2025 онд л гэхэд ямааны 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 330.6 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын 2.1 хувийг бүрдүүлснийг Гаалийн Ерөнхий газраас мэдээлсэн. Үндэсний хэмжээнд өрнөсөн уг хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласаар буй юм.

Үйлдвэрлэлийн чөлөөт бүс болох зорилго өнөөдөр ДЭД БҮТЭЦ-ийг бэлтгэх, хувийн хэвшлүүд малын гаралтай түүхий эд, хүнсний үйлдвэрүүдээ байгуулахад энэ төрлийн зардал гаргах шаардлагагүй, шууд очоод л үйлдвэрлэлээ эхэлж болох ийм таатай нөхцөлийг бүрдүүлэх шатандаа явж байна.

Тухайлбал, баруун аймгуудыг эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2025 оны 7-р сараас эхлүүлсэн.

Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн паркийн Цахилгаан хангамжийн гол шугам сүлжээ, Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэн сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээг байгуулах хөрөнгө оруулалтыг 2026 оны Улсын төсөвт суулгуулсан юм.

Энэ мэт бүс нутаг, аймгуудын давуу талд тулгуурлан ХАА-н үйлдвэрлэлийг тасралтгүй өсөн нэмэгдүүлэх нөхцөлийг хангаснаар эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжирч, бие даасан тогтвортой байдал хангагдана гэсэн зорилгын төлөө эдийн засагч гишүүний хувьд улс эх орныхоо хөгжлийн төлөө төрийн хар хүний хувиар зүтгэж буй нэгэн аж.

Уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийн бодлоготой манай улсад дараагийн хөгжлийн гарц, эдийн засгийн суурь нь Хөдөө аж ахуйн салбар байна хэмээн тодорхойлсон билээ. Энэ цагийн Сангийн сайд яг л энэ салбарын гүнд нь хүрсэн, "бойжсон", эдийн засгийн ухааны гарамгай мастер нэгэн байх нь зүйн хэрэг бус уу.

Дахин хэлье, Монгол Улсынаа Баруун бүсийн Үйлдвэрлэлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, схемийг зурж, өнөөдөр дэд бүтцийн суурийг хэдийн тавьчихсан, бүтээн байгуулалтын ажил руу ханцуй шумлан орсон өнөөдрийг бий болгосон нь З.Мэндсайхан гишүүний "оройлсон" оролцоо юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010