Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Парламентын засаглалаа бэхжүүлье гэвэл УИХ-ын даргын дархлааг сулруулж болохгүй!
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.
Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл.
УИХ-ын тухай хууль УИХ-ын дэгийн тухай хуулиар яг хэн нэр дэвшүүлж явах вэ? Олонх дэвшүүлэх үү үгүй юү гэхэд Үндсэн хуулиар олонх дэвшүүлнэ гэсэн заалт байхгүй гэлээ. Би андуураагүй бол үндсэн хуулийн бус аргаар өнөөдрийг хүртэл УИХ-ын даргаа сонгоод байсан хэрэг үү? Ойлголтуудаа цэгцтэй ярихгүй бол УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хууль Үндсэн хуульдаа нийцээгүй гэсэн дүгнэлтүүд гарчих гээд байна шүү! УИХ-д 64 гишүүний буюу олонхын суудал авсан нам байхгүй бол хамгийн олон суудал авсан эвсэл байж болно гэж бодож байна.
Зөвхөн 64 суудал авсан улс төрийн нам эвсэл л нэр дэвшүүлэх эрхтэй, аваагүй бол өөр хэн нэгэн дэвшүүлэхгүй буюу зөвхөн заалнаасаа байх юм гэсэн заалтуудыг УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль дээр авав уу? Манай улс парламентын засаглалтай юм уу гэхээр бас ч тийм биш. Хагас ерөнхийлөгчийн засаглалтай хагас парламентын засаглалтай гэж олон улсын болоод дотоодын судлаачид ярьдаг.
Энэ нь Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог, мөрийн хөтөлбөртэй байдагтай холбоотой. Төрийн байгууллын хүндрэлийг давахын тулд парламентын засаглалаа л төгөлдөржүүлэх ёстой юм аа гэдгээ хамгийн түрүүнд ярих ёстой. Гэтэл УИХ руугаа чулуу шидээд байгаад сэтгэл гонсгор байна аа гэдгийг хэлмээр байна. Даргаа олонх буюу 64 хүнээр сонгоно оо гэдгээр нь босгыг нь илүү чангалаад чөлөөлөхийг нь хуралд оролцсон олонх гэж босгыг нь бууруулаад Ерөнхий сайдаасаа өөр болгочихсон байгаа юм. Ерөнхий сайдыг хуралд оролцсоны олонхоор нь сонгоод нийт гишүүдийнхээ олонхоор нь чөлөөлдөг шүү дээ. Атал парламентын засаглалаа бэхжүүлье гэж байгаа мөртөө УИХ-ын даргынхаа дархлааг нь улам сулруулсан ийм хууль оруулж ирдэг нь ямар учиртай вэ? Үүнийг мэдэж оруулав уу, мэдсэнгүй юу?
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

