Үйл явдал2 мин унших
“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам 2026”-д судалгааны илтгэлээ танилцуулав

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам – 2026” эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ зохион байгуулагдаж, 60 илтгэл тавигдсаны дотор “Сургуулийн хөгжлийг дэмжих менежментийн нэгэн загвар” сэдэвт судалгааны илтгэлээ танилцууллаа.
Тэрбээр "Миний хувьд багш байхдаа хүүхдийг хөгжүүлэхийг, сургууль байгуулахдаа хамт олноо хөгжүүлэхийг зорьж ирсэн. Одоо бол тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувиар Монголынхоо бүх хүүхэд багачуудын ирээдүйг шинжлэх ухаанч бодлогоор хамгаалах үүргийг хүлээж байна.
Ийм учраас “Судалгаатай шийдвэр – суурь өөрчлөлт” зарчмыг барьж байгаа юм.
Сүүлийн 30 жилд боловсролын салбарт олон “шинэчлэл” хийгдсэн ч суурь тулгамдсан асуудлууд шийдэгдсэнгүй. Учир нь бодит нэгж дээрх хэрэгжилтийн үр дүнг үнэлж дүгнэлгүй, олон талын оролцооны уялдаа холбоог нарийн тооцолгүй, өнгөц хэлбэрийн шийдвэр гаргасаар ирсэн нь цогц хөгжлийн бодлого болж чадалгүй, асуудал дагуулсаар ирсэн. Ийм уялдаа холбоогүй, үзэл санааны зөрчилтэй, тогтворгүй байдал нь олон сөрөг үр дагаварт хүргэсэн.
Мөн бид олон жил гаднын бэлэн загварыг шууд хуулбарлахыг зорьж, гаднаас бодлого, хөтөлбөр “зээлж” ирсэн бол одоо өөрсдийн хөрсөнд ургасан “Монгол загвар”-ыг нутагшуулах цаг иржээ. Боловсролын салбарын хөгжлийн шийдлийг гаднаас эрэх биш, Монгол дархлаа, онцлогоо шингээсэн үндэсний мэдлэг, оюуныг түшиглэх боломжоо бид эрж хайж, нэгдсэн үзэл санаа, ойлголтод хүрэх ёстой.

Тийм ч учраас энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож буй олон эрдэмтэн, судлаачдын судалгаанууд нь шинэ мэдлэг, үнэ цэнээр баялаг, ач холбогдол өндөр байлаа.
Сургуулийн хөгжил нь тухайн сургууль нөөцөө хэрхэн ухаалаг удирдахаас эхэлдэг.
Энэхүү судалгаанд удирдлагын багийн хамтын ажиллагааны оновчлол, эерэг соёлын төлөвшил, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт, эцэг эх, төгсөгчдийн эргэх холбоо, хамтын ажиллагааг хэрхэн онолын үндэстэй авч үзэж, хөгжлийн цогц бодлого болгох талаар санал, дүгнэлтээ танилцууллаа.
Боловсролын реформ бол нэгж сургуулийн реформ гэж үздэг хүний хувьд сургуулийн хөгжлийг дэмжих менежментийн нэгэн загварыг танилцуулж, судлаачдын санал, шүүмжийг сонсов. Улс төрөөс хамааралгүй, захирал солигдоход ганхдаггүй, хүүхэд бүрийн төлөө багш нар нь багаараа ажилладаг тийм “дархлаатай” сургуулийг бид бодитоор бүтээхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой" талаарх үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Боловсролын салбарт “зөвхөн сонссон, дуулсан, мэдрэмж, бодлоор биш”, “судалгаатай, тооцоотой, шинжлэх ухаанч” хариуцлагатай хандах шаардлагатай цаг үе ирээд байна.



