Үйл явдал2 мин унших
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон бусад асуудлаар мал эмнэлгийн ерөнхий газарт өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, удирдлагуудад өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврынхаа биелэлттэй танилцлаа.

Салбарын сайдын хувьд хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортыг нэмэгдүүлэхэд мал эмнэлгийн салбар чухал үүрэгтэй гэдгийг онцолж, малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тогтвортой байдлыг нь хангах, мэргэжлийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны стратегийн баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хүний хүчин зүйлээс ангид, хүнд суртал, авлигагүй, түргэн шуурхай болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл дээрх үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав. Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 88 хувьтай зохион байгуулагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Шүлхий өвчний хаврын дархлаажуулалтын ажилд мониторинг хийх, шүлхийн голомт нутгуудад халдваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулах, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, оношлуур хэрэглэгдэхүүний тендер зарлах зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна.
Мөн экспортыг дэмжих хүрээнд олон улсын гэрчилгээ олгох ажлыг хөнгөвчлөн, шат дамжлагыг багасгах зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга нарт экспортын гэрчилгээ олгох ажлын чиг үүргийг хуваарилах ажлыг хийнэ. Гэрчилгээ давхардаж олгогдож байгаа зэрэг ААН-үүдэд үүсээд байгаа асуудлыг хурдан хугацаанд шийдэхэд анхаарч байгаа аж.
Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудыг дэмжих хүрээнд дутагдаж байгаа үйл ажиллагааны зардлуудыг шийдвэрлэх нэмэлт шуурхай арга хэмжээ авч байгаа гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтангэрэл мэдээллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хугацаанд Мал эмнэлгийн ерөнхий газрын үндсэн үйл ажиллагааны зардалд шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд тус газрын хэмжээнд он дамнасан 17.2 тэрбум төгрөгийн өрийг шат дараатайгаар барагдуулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам

