Үйл явдал2 мин унших

Польш-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулна

Польш-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн (2026.05.06) хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшилцөх эсэх асуудлыг шийдвэрлэв. 

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд таван төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэн холбогдох санхүүжилтийг хуваарилсан байна. Эдгээрээс гурав нь амжилттай хэрэгжиж, дуусчээ. “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих" төслийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000-5000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барихаар гэрээлсэн байна. Өнөөдрийн байдлаар эхний дөрвөн аймагт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, Орхон аймгийн төвд хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Польш-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулна

Нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг буюу 35.45 сая еврог зарцуулсан бөгөөд 14.5 сая еврогийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэв. Гэрээний санхүүжилтийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж байгаа учир төслийн нөхцөл байдлыг харгалзан хугацааг 2026 он дуустал сунгаж, санхүүжилтийг гурван жилээр уртасган найман жилийн дотор олгож дуусах шаардлага үүссэн байна. Энэ талаар Польшийн талтай зөвшилцсөн болохыг Сангийн сайд тэмдэглэсэн. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дэмжиж, УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлснийг уламжлав.

Хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, А.Ундраа, О.Батнайрамдал нар асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Тэд зээлийг үр ашигтай зарцуулах, төслийн гүйцэтгэлийн хугацааг баримтлах, саарал ус ашиглах талаар тодруулж байлаа. Ийн хэлэлцээд зөвшилцөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023