Үйл явдал2 мин унших
Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцууллаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Сангийн сайд З.Мэндсайхан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өчигдөр /2026.05.11/ Засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн байдал, хэрэгжилт, анхаарах асуудал, Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.
2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн гадаад зээлийн санхүүжилтийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний, 9 хувийг боловсрол, онцгой байдлын салбарт, 18 хувийг бусад салбарт тус тус ашигласан.
Засгийн газар зээлийн үр ашгийг сайжруулахын тулд тэргүүн ээлжинд эрэмбэлэгдсэн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд ажлыг эрчимжүүлж, хэмнэлтийн зарчмыг баримтлах, үргүй зардлыг хасах, урсгал зардлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллана.
Төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу гадаад зээлийн ашиглалтыг жилд бага хэмжээгээр батлаж байгаа нь гадаад зээлийн ашиглалтыг ихээхэн бууруулж, нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүссэн. Иймд Засгийн газраас гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина.

Татварын хуулиудын өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, татварын орчныг илүү уян хатан, оновчтой болгоход чиглэсэн.
Тухайлбал, хувь хүний орлогын албан татварын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх шаталсан хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн жилийн борлуулалтын орлого нэг тэрбум төгрөгөөс бага тохиолдолд борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх зохицуулалт оруулсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 6–10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын шинэ шатлал бий болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулах санал тусгасан.
Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаснаар бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэх юм.
Мөн өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.