Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Гишүүдэд ногддог асуулт, хариултын хугацаа оршил явсаар дуусдаг тул багасгах бус нэмэгдүүлэх шаардлага бий

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Парламентын амин сүнс нь олонхын засаглал, цөөнхийн эрхийн тэнцвэрийг хангадаг үндсэн механизм юм. Үүнийгээ зөв хийхгүй бол бодлогыг олон талаас нь нягталж судалж мэтгэлцэж гаргадаг институц маань Улс төрийн шоуны тайз болоод дуусдаг. Бид энэ жишээг харж байна. Улс төржилт нь бодлогын мэтгэлцээнээсээ давчихдаг. Олонх нь хурдтай хуулиа батлахыг, цөөнх нь шоу хийхийг илүүд үздэг болчихоод байна. Дэгийн хууль дээр маш дэвшилттэй заалтууд орсон байна. Мэтгэлцээний асуудлаар 9.7 дээр ялангуяа нэгдсэн, байнгын, дэд, хянан шалгах хороон дээр гишүүд нийтдээ 8 минут олгосон байна. Гэхдээ мэтгэлцээн хийхээргүй байвал гишүүдэд хуваарилагдаж байгаа тоо асуулт хариулттайгаа 12 минут. Энэ яагаад багасаж байна вэ? Одоогийн дэгээр 3 минутад асуулт асуух нь ихэвчлэн камерт хандаж үг хэлэх болдог. Хариулт нь 4 минут. Үндсэндээ урьтал оршил явсаар дуусдаг.
Гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан мэтгэлцээний хүсэлт тавьснаар нэг цагийн дотор шууд явуулах боломжтой болж байгаа нь сайшаалтай. Камерт зориулсан байдлаар үг хэлж попрох гэхээсээ илүү судалгаа тооцоотой 2 талаасаа шүүн хэлэлцдэг мэтгэлцээний зарчмыг байнгын хороон дээрээ ч, нэгдсэн чуулган дээрээ ч баримталмаар байгаа юм. Зөвхөн байнгын хороон дээр гишүүн гаргасан саналтайгаа холбоотойгоор мэтгэлцээн гаргах хүсэлт тавьж болохоор байгаа юм байна. Чуулган дээр үүнийг оруулахад саад гарах уу?
Хуралдааны ирцээс гадна санал хураалтын ирцийг тусад нь авдаг болоод байгаа. Хариуцлагагүй гишүүдийн хувьд санал хураалтад орохгүй юм чинь хуралдаанд орж ирсэн хүмүүсийн олонх нь санал хураалтынхаа ирцдээ орохгүй бол санал хураалт гацах эрсдэлтэй байгаа. Үүнийг өмнөхөөрөө буюу дэмжээгүй санал өгсөн гэдгээрээ явчихвал яадаг юм бэ? Тэгэхгүй бол УИХ-ын үйл ажиллагааг сааруулах хөшүүрэг болчих вий!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

