Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Гадаад өрийн удирдлага сайжирсан уу. Өрийн удирдлагын стратегийн зорилт хэдэн хувьтай хэрэгжиж байгаа вэ!
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Нэгдүгээрт, Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль. Гэхдээ энэ гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх процессын тухай асуудал биш. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсвийн зардлыг нэмэгдүүлье гэсэн заалттай. Үүнийг зардал бишээр тооцъё л гэсэн агуулга шүү дээ. Энэ хууль техникийн бичилтийнхээ хувьд дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл, мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг энэ хуулийн тухай хуулийн 2.1-д заасан гадаад зээлийн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно. Тэр нь хязгаарт хамаарахгүй. Зардал тооцохгүй гэсэн үг. Нөгөө талдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 нь ДНБ-ий 2%-аас илүүгүй алдагдалтай байна гээд заачихсан. Хоёр өөр хууль зэрэгцээд гараад ирж байгаа. 19.9-ийг огт хөндөөгүй. Магадгүй хууль зүйн хувьд тусгайлан нарийвчлан зохицуулсан хууль нь өндөр чадвартай, сүүлийнх нь баталж байгаа учраас гэж мөрдөж болох юм. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль суурь хууль учраас хоёулаа зэрэгцээд байхдаа аль нь хүчинтэй байх юм бэ. Хууль зүйн техникийн хувьд зөв үү?
Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад зээл бодитоороо экспортын орлого валютын тогтвортой урсгалыг бий болгож байна уу. Манай улсын гадаад өр жил болгон л нэмэгдэж байна. Ямар нэгэн валютын тогтвортой байнгын урсгал хийж, экспортыг нэмэгдүүлж байгаа биш зүгээр л санхүүгийн богино хугацааны төсвийн алдагдлыг нөхөөд байгаа харагдаад байгаа юм. Ямар үр дүн гарав. Тодорхой статистик хэлээдхээч. 2025 оны 1 дүгээр улиралд экспорт 2,8-аас 2,9 тэрбум ам.доллар хүрч байгаа нь өмнөх жилээс буурчихсан. Бид нарын гадаад зээл өсөж байгаа. Зүгээр л төсвийн алдагдал нөхөөд байгаа юм биш үү...
ГУравдугаарт, гадаад өрийн удирдлага сайжирсан уу. Өрийн удирдлагын стратегийн зорилт хэдэн хувьтай хэрэгжиж байгаа вэ. Манай улсын гадаад өрийн ДНБ-д харьцах харьцаа 150. 40,4 тэрбум доллар. Энэ нь манай улсыг өндөр эрсдэлтэй ангилалд оруулж байгаа. Энэ байдлаасаа гадаад өрийг ДНБ-д харьцуулсан харьцааг нь дорвитой бууруулах ямар алхмууд хийж байгаа вэ? Энэ нь олон улсын санхүүжилтийн эрсдэлийг бууруулж байна уу.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

