Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Шаталсан татварын бодлогыг дэмжиж байна
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллэ
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Нэгдүгээрт, ЗГ-аас Татварын багц хуулийг намрын чуулганд өргөн барьсан. Л.Соронзонболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад, хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад эхний төслөөр нь маш их ажлыг, маш их хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад нэлээд ажлыг хийсэн. Төсвийн байнгын хороондоо ажлын хэсгийнхээ дүгнэлтийг өгөөд, ЗГ-т дүгнэлтийг өгсөн. Хэлэлцүүлгүүдийнхээ явцад ямар ямар саналууд иргэдээс болон ААН-үүдээс гарсан юм бэ гэдгийг ч өгсөн. ЗГ хуулиа өөрөө эргүүлээд татчихсан. Эргээд орж ирж байгаа хууль маань хэдхэн сарын өмнө өргөн барьсан хуулиасаа тэс ондоо хууль орж ирж байгаа. Аливаа өөрчлөлт томоохон бодлогуудыг төгс хийх гээд л хуулиудыг их удаан барьдаг, их удаан хэлэлцдэг байдлыг халж, жижиг өөрчлөлтүүдээ цаг тухай бүрдээ хийгээд явах ёстой. Хүлээлтэд бүрэн нийцээгүй ч тодорхой хэмжээнд дэмжихүйц сайн саналууд орж ирсэн байна.

Шаталсан татварыг дэмжиж байна. Орон сууц борлуулсны татварыг 100 мянган хүний гарын үсэг цуглуулсантай ч холбоотой асуудал яригдаад байгаа. Хууль санаачлагчид ЗГ, Монгол Улсын иргэний үргэлжилсэн 5-аас доошгүй жилийн хугацаанд өмчилсөн бөгөөд өөрийн үндсэн оршин суух хаягт бүртгэлтэй амьдран суух зориулалттай орон сууцаа борлуулж байгаа бол татвараас чөлөөлөх гэсэн саналыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Импортын суудлын автомашины гаалийн татварыг тансаг хэрэглээ буюу 100 мянган амдоллароос давсан хэсэгт тансаг хэрэглээний татварыг онцгой албан татвар ногдуулна гэдгийг дэмжиж байгаа. Гагцхүү надаа 100 мянган ам.доллар буюу 350 орчим сая төгрөг гэж тооцож байгаа нь хэт өндөр байна уу. Үүнийг жоохон бууруулж болохгүй юу?
Хоёрдугаарт, ХХОАТ-ыг 792 мянган төгрөг гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хөдлөх болгонд "өөрчлөөч ээ" гэдэг нийгмийн шаардлага орж ирнэ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлбарлаж 792 мянга гэж авахгүйгээр тодорхой дүнгээр байх нь зөв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

