Үйл явдал2 мин унших

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцлээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны өдрийн хуралдаанаар     Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, уг хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжүүдээс нийтлэг байдлаар ирүүлсэн саналууд буюу татвар ногдуулах орлогын босгыг нэмэгдүүлэх, шатлалыг өөрчлөх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх, холбогдох зардлуудыг хасагдах зардалд тооцох, тайлан гаргах хугацааг уян хатан болгох, бизнес эрхлэхэд татварын орчныг илүү хялбар, энгийн, ойлгомжтой болгоход чиглэснийг дурдлаа. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор төлсөн татварын 90 хувийг буцаалт олгож 1 хувийн татварын ачаалалтай байх босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өөрчлөхөөр тусгажээ.  Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь хөнгөлж, их хэмжээний өгөгдөл автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер зэргийн элэгдэх хугацааг 3 жил байх  зохицуулалтыг тусгах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналд үндэслэн боловсруулсан өөрчлөлт тусгагдсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдал бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм гэж төсөл санаачлагчид үзжээ. 

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008