Үйл явдал3 мин унших
Онцгой албан татварын нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүн хамрагдсан нь тодорхой эрсдэлийг бий болгож байгааг сайд дурдсан. Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тариф “0” хувь болсноор импортын өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна гаалийн албан татварын орлого буурч, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй гэв.
Иймд Улсын Их Хурлаас хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв, татвар, нийгэм, эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь гаалийн тариф тэглэснээс үүдэн тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэ буурах нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад оршиж байгааг З.Мэндсайхан сайд танилцуулав.
Өнөөгийн байдлаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгжид суурилсан хэлбэрээр ногдуулж байгаа юм. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохицуулалтаас гадна импортын тамхи, тамхин бүтээгдэхүүнд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу биет нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгажээ.
Импортын гаалийн тариф тэглэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ огцом буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдэлийг бууруулж, гаалийн албан татварын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж бүрдэх аж.
Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Хосолсон онцгой албан татвар ногдуулж байгаа арга хэлбэрүүдийн талаарх Б.Түвшин гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгөв. Жишээлбэл, суудлын автомашины моторын хэмжээ болон үнийн дүнгээс нь татвар авах зэргээр хосолсон ийм онцгой албан татварыг 63 улсын хэрэглэдэг, манайх ч хэрэглэж байгаа гэлээ. Тамхины тухайд 30 хувийн онцгой албан татвар авна, мөн ширхэг бүрээс 836 төгрөг, задгай тамхины кг тутмаас 3130 төгрөгийн татвар авах аж. Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн бөгөөд үүнд нийцүүлэн татварыг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулна бодлогыг хэрэгжүүлж байгаагаа Сангийн сайд тайлбарлав.