Үйл явдал2 мин унших
ХХНББХ: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.05.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тавив. Хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл 5 бүлэг, 20 зүйлтэйг тэрбээр танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. Мөн хүүхдийг өөрийгөө хөгжүүлж бие даасан хувь хүн болж төлөвших, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэхийг зэрэгцээ үүнд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн тавьсан илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ж.Галбадрах, Д.Энхтуяа, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нар асуулт асууж, хуулийн төсөлд тусгагдсан Хүүхэд хөгжлийн төв, түүний санхүүжилт, тэнд үйл ажиллагаа эрхлэгчдийн чиг үүрэг, гэрээ, хариуцлага зэрэг асуудлаар хууль санаачлагчдаас тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үг хэлэв.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
